Олон улсын цэрэг, техникийн “Арми- 2020” чуулга уулзалтад 1500 гаруй компани 28 мянга орчим зэвсэг, техникээ танилцуулна. Тус уулзалтын хүрээнд зохиох 170 гаруй арга хэмжээ ОХУ-ын Астрахань муж дахь цэргийн сургуулилалтын Ашулук, Москва муж Алабино талбарын цэргийн Кубинка нисэх буудлын “Патриот” хүрээлэн болон бусад тойрогт ирэх сарын 23-29-нд болно. Оросын БХЯ-ны Тэргүүлэх технологийн эрдэм шинжилгээ, судалгаа болон технологийн ерөнхий газрын Хурал, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг удирдах газрын дарга, дэд хурандаа Олег Кулаковскийгийн хэлснээр тус улс 370 гаруй нэгж зэвсэг, цэргийн болон тусгай техникээ дэлгэн үзүүлнэ. Чуулга уулзалтын үеэр нээгдэх үзэсгэлэнд 1500 гаруй үйлдвэр болон байгууллага оролцож, 28 мянга орчим бүтээгдэхүүн болон технологио танилцуулахыг тэрбээр “Красная звезда” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Арми-2020” чуулга уулзалттай зэрэгцэн Олон улсын армийн наадмыг нээх бөгөөд цэргийн сургуулилалтын Алабино талбарт багийн “Танкийн биатлон” эхэлнэ.
Цар тахал олон улсын тус уулзалтад бэлтгэх ажилд хүндрэл учруулж, ОХУ-ын БХЯ-наас урилга илгээсэн 133 орноос 35 нь төлөөлөгчөө илгээхээ нотолжээ. Тэдгээрээс Армени, Беларусь, Бразил, Грек, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Шри-Ланка, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Өмнөд Осети гэсэн 11 орон өндөр албан тушаалтан илгээснээ мэдэгдсэн байна.