ОХУ Тэнгисийн цэргийн өдөр Крымийн хойгт оршдог Севастопол хотод парад зохион байгуулсныг Украин улс эсэргүүцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичигт ханджээ. Энэ тухай РИА Новости агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. НҮБ-ын дэргэдэх Украины байнгын төлөөлөгч Сергей Кислицийн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан бичсэн захидалд "эзлэн түрэмгийлж авсан Севастопол хотод парад зохион байгуулсан явдал нь олон улсын эрхзүйн хэм хэмжээ тэр дундаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон тогтоол, түүнчлэн Украины хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг" гэжээ. Оросын Холбооны улс уг үйлдлээрээ хоёр улсын хурцадмал байдлыг улам даамжирахад хүргэж байна хэмээн Киев үзжээ. Энэ сарын 26-ны өдөр буюу Тэнгисийн цэргийн флотын өдрөөрөө ОХУ гол долоон бааз дээр парад зохион байгуулагдсаны нэг нь Севастополд болсон юм. Энэ онд баярын арга хэмжээнүүдэд 250 хөлөг онгоц оролцсон нь өнгөрсөн оноос 100-аар их байжээ. Түүнчлэн 15 мянга орчим цэргийн албан хаагч, 80 онгоц, нисдэг тэрэг, 100 газрын техник оролцсон байна. Харин Крымийн хойгийн хот болох Севастодолд болсон парадад найман цэргийн хөлөг онгоц оролцжээ.