Одон орон судлаачид анх удаа гарал үүсэл нь баттай тогтоогдоогүй магнетар (маш хүчтэй соронзон орон зайтай нейтрон од) болон хурдтай радио долгионы хооронд холбоо байгааг олж тогтоожээ. Энэ тухай Европын сансрын агентлагийн (ESA) вэбсайт дээрх нийтлэлд дурдсан байна. Энэхүү нээлтийг сансрын биетүүдийг хатуу рентген болон гамма орон зайд судалдаг “Интеграл” одон орон судлалын төвд хийжээ. Энэ оны 4-р сарын сүүлээр тус төвийн эрдэмтэд зургаан жилийн өмнө олдсон SGR 1935 + 2154 магнетарын идэвхжилтийг ажиглаж байгаад тэрхүү биет ердийн рентген туяа төдийгүй радио долгион цацруулж байгааг олж тогтоожээ. “Интеграл “ төвд суурилуулсан сэрэмжлүүлгийн систем цацралтын тухай дэлхий даяар нэн даруй мэдээлснээр орон орны эрдэмтдэд түүний эх сурвалжийг судлах боломж олдсон байна. Ийнхүү Канадын “CHIME” радио дуран өндөр хүчин чадалтай долгионыг бүртгэжээ. Тэрхүү хурдтай радио долгионы цацралт нь SGR 1935 + 2154 магнетараас эхтэй байжээ. Миланы Астрофизикийн үндэсний хүрээлэнгийн судлаач Сандро Меречетти хэлэхдээ "Бид өмнө нь магнетар хурдтай радио долгион ялгаруулж байгааг хэзээ ч харж байгаагүй. Тиймээс эл нээлт маш чухал нээлт бөгөөд эдгээр нууцлаг үзэгдэлд анхаарлаа хандуулахад тус хүргэх нь дамжиггүй" гэж онцолжээ. Магнетар бол нейтрон оддын тусгай анги бөгөөд Огторгуйд болдог хамгийн хүчтэй, тод дэлбэрэлтүүд түүнтэй холбоотой аж. Хурдтай радио долгион гэдэг нь Огторгуйн гүнээс миллисекунд (0,001 секунд) үргэлжлэх хүчтэй радио дохиог хэлдэг юм байна. Эдгээр дохионуудыг анх 2007 онд илрүүлсэн бөгөөд тэдний гарал үүслийг одоо болтол тодорхойлж чадаагүй байгаа аж.