Өнгөрсөн Ням гарагт БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгос руу дүрвэн гарсан иргэн гурван жилийн дараа коронавирусын шинж тэмдэгтэйгээр Сөүлээс буцаж ирсэн тухай мэдэгдсэн билээ. Солонгосын Цахилгаан холбооны төв агентлагийн мэдээлснээр уг хүн Кесон хотын хилийн бүсээр хууль бусаар орж ирсэн аж. Одоогоор түүнийг бүрэн тусгаарлаад байгаа бөгөөд Умард Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх албаныхан түүний шууд болон шууд бус хавьтлын хүмүүсийн тогтоож ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Мөн Кесон хотод онц байдал зарласан аж. Уг мэдэгдэл Өмнөд Солонгост багагүй шуугиан тариад байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны төлөөлөгч Юн Тэ “БНАСАУ-руу зугтсан хүн COVID-19 өвчтэй, эсвэл халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоосон гэсэн бүртгэлд байхгүй тул коронавирусийн халдвар авсан гэх магадлал тун бага” гэж Даваа гарагт Сөүлд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, Хяналт, урьдчилан сэргийлэх төв нь дурдагдсан хүнтэй алга болохоос нь өмнөхөн ойр дотно харилцаатай байсан хоёр хүнд коронавирусын халдварын шинжилгээ хийсэн бөгөөд тэдний хэн хэнийх нь хариу сөрөг гарсан гэжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр мэдээлж буйгаар бол Умард Солонгос руу зугтсан этгээдийг Ким гэдэг бөгөөд 24 настай залуу аж. Тэрбээр 2017 онд Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дөрвөн гарсан нь үнэн бөгөөд өмнө нь Кесон хотод амьдардаг байжээ. Өмнөд Солонгост ирээд техникумд орж суралцсан ч төгсөж чадаагүй байна. Умард руу зугтахаасаа өмнө Ким цагдаагийн газар байцаагдаж байжээ. Түүнийг нэг танил эмэгтэй нь өөрийг нь хүчиндсэн гэж цагдаад мэдэгдсэн байна. Ким өөрийгөө ийм хэрэг хийгээгүй гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг эхний байцаалтын дараа суллаж явуулжээ. Гэхдээ тун удалгүй түүнийг баривчлах тогтоол гарсан аж. Гэтэл Ким ор сураггүй алга болсон байна. Түүнийг Умард руу зугтсан байж болзошгүй талаар мөн БНАСАУ-аас дөрвөн ирсэн танил нь ярьжээ. Танилынх нь ярьснаар Ким удахгүй БНАСАУ руу буцах гэж байгаа тухайгаа мессежээр мэдэгдэж байжээ. Эрэл хайгуулын эцэст Ардчилсан Солонгостой залгаа хилийн ойролцоо оршдог Хангва арал дээрээс Кимийн эд зүйл бүхий цүнх олдсон байна. БНСУ-ын Штабын дарга нарын хорооны төлөөлөгч Умард руу зутгсан хүнийг 7-р сарын 19-нд тус улсын баруун эрэг дээрх Ханган голын эхэнд оршдог Хангва арлын ойролцоо хил давжээ гэж мэдээлжээ. Өмнөд Солонгосын талаас хилийн зурваст битүү байрлуулсан олон тооны хяналт, тандалтын системийг Ким мэдэгдэлгүй давж Умард руу гарсан явдал мэдээж БНСУ-ын цэрэг арми, ялангуяа Хангва арал дээрх хилийг хамгаалж буй тэнгисийн цэргийнхэнд тавих асуултууд гар ирнэ. Кимийн зугталт Өмнөдөөс Умард уу гарсан анхны тохиолдол биш гэнэ. Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүс Өмнөд Солонгосоос эх орон руугаа буцсан тохиолдол сүүлийн таван жилийн хугацаанд 11 удаа гарсан тухай БНСУ-ын Үндэсний Нэгдлийн яамны төлөөлөгч Даваа гарагт Сөүлд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.