“Хамгийн хамгийн” булангаар онцлох өөр нэгэн тамирчин бол Японы боксчин Ивао Хакамада. Тэрбээр хүн амины хэрэгт гүжирдэгдэн 46 жилийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд түүнийг 2017 онд “Гиннесийн ном”-д хамгийн олон жил хилсээр хоригдсон хүн хэмээн бүртгэсэн байдаг.
1966 онд алдарт боксчин Хакамада үйлдвэрийнхээ эзнийг эхнэр, хүүхдийнх нь хамт хөнөөсөн хэрэгт холбогдсон талаар дуулиан, шуугиан дэгджээ. Эхний байцаалтаар л гэм буруутай гэж хүлээн зөвшөөрсөн түүнд шүүхээс ялын дээд хэмжээ өгсөн байна. Японд дээд шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд давж заалдах эрхгүй байдаг аж. Харин Хакамадаг гэм буруугүй гэж тэмцсэн эгчийг нь иргэний байгууллагууд дэмжсэний үр дүнд аймшигт аллага болсноос 44 жилийн дараа уг хэргийг дахин мөрдөх шийдвэр гаргуулж чаджээ. Тус улсын түүхэнд хэргийг дахин мөрдөх зургаа дахь тохиолдол нь энэ байсан гэдэг. Алуурчин гэгдсэн бокчны ДНХ-гийн шинжилгээг шүүхийн шийдвэрээр илүү нарийвчлалтай гаргах болов. 2012 онд түүнээс цусны шинжилгээ авч, хэргийн газраас олдсон цусныхтай харьцуулахад нэг хувь ч тохирсонгүй. Тиймээс Хакамадаг гэм буруугүйд тооцож, 2014 оны гуравдугаар сард суллажээ. 78 насандаа хилс хэргээс мултарсан тэрбээр бараг хагас зууныг гянданд өнгөрүүлсэн бөгөөд энэ талаар олон улсын шинжээчид тусгайлан судалгаа хийсэн байдаг.
Ивао Хакамада 1936 онд төрсөн, 1959-1961 онд мэргэжлийн боксын тулаанд 29 удаа оролцохдоо 16 ялжээ. Түүний ажилладаг үйлдвэрийн эзний гэрт 1966 оны долдугаар сард гал гарсан аж. Галыг унтрааахад тэрбээр оролцсон бөгөөд байшингаас эзэн болон эхнэр, хоёр хүүхдийнх нь цогцос олджээ. Тэднийг хөнөөгөөд гал тавьсан байж. Үүнээс нэг сарын дараа Хакамадаг хүн амины хэрэгт сэжиглэн, баривчилж, 1968 онд дүүжлэх ял ногдуулжээ. 1980 онд Япон Улс ялын дээд хэмжээнээс татгалзжээ.