АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Флорида мужийн Жексонвилл хотод болох байсан Бүгд Найрамдах намын хурлыг цуцалсан тухайгаа мэдэгдэв. "Тэнд мянга мянга хүн очих хүсэлтэй байгаа. . . Гэвч Флорида мужид коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа тул томоохон хурал зохион байгуулахад тохиромжгүй цаг үе" гэж Д.Трамп Пүрэв гарагт /2020.07.24/ Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Эл шийдвэрээ тэрбээр Флорида мужийн ард иргэдийг хамгаалах үүднээс гаргасан гэжээ. Түүний хэлснээр бол Бүгд найрамдах намаас Д.Трампыг албан ёсоор нэр дэвшүүлэх үйл ажиллагаа Умард Каролин муж улсын Шарлотт хотноо болох бөгөөд үүнд 330 орчим гишүүн оролцох аж. Харин Трамп өөрөө ямар ч нөхцөлд тэдний өмнө үг хэлэхээр амлаж, гэхдээ "өөр хэлбэрээр" хийнэ гэжээ.