АНУ-ын Бостон дахь “Жокелин” чихрийн шижин судлалын, Германы Ландштуль хотын Дотоод шүүрлийн төвийн мэргэжилтнүүд болон БНСУ-ын Кёнги их сургуулийн эрдэмтэд хамтран синамон буюу шанцайн бэлдмэл бүхий нэмэлт тэжээлийн нөлөөг судалжээ. Ингэхэд чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь чихрийн хэмжээг эрс буулгаж, хэвийн хэмжээнд барьж байсныг тогтоосон байна. “Endocrine society” сэтгүүлд эл судалгааны талаар дэлгэрэнгүй нийтэлжээ. Эрдэмтдийн мэдээлснээр, шанцай болон эл ургамлыг агуулсан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн цусан дахь “чихэр” эрс буурч, аажимдаа хэвийн болж байсан гэнэ. Судалгаанд чихрийн шижинтэй 51 хүнийг хамруулж, 12 долоо хоногийн турш өдөр бүр шанцайн 500 гр бэлдмэл уулгасан аж. Судалгааны багийнхан “Бид ямар бүтээгдэхүүн цусан дахь чихрийн хэмжээг хамгийн үр дүнтэй бууруулдгийг судалсаар шанцайн нөлөө хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг тогтоолоо. Эл ургамлыг тогтмол хэрэглэснээр ямар ч үед цусан дахь чихрийн хэмжээг хэвийн түвшинд тогтвортой байлгах боломжтой” гэжээ. Олон улсын эрдэмтдийн тооцоолсноор, АНУ-д 90 орчим сая хүн чихрийн шижинтэй бөгөөд үүнээс үүдэн таргалалт, үргүйдэл, үе мөч, ясны өвчин, тэр ч байтугай дааврын хорт хавдартай болох эрсдэл өндөр.
Ташрамд дурдахад, синамон (сinnamo¬mum verum) нь мөнх ногоон мод бөгөөд хүн төрөлхтөн үүний үндсийг нь эртнээс хоол хүнс, гоо сайхан, анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ.
Бэлтгэсэн: Э.Хана