АНУ-ын Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалахын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Уг тодотголыг баталснаар танхим Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны цөмийн туршилтыг хийх гэсэн бодлогыг хязгаарлаж байгаа юм. Ямар ч түвшний цацраг идэвхт ялгаруулалттай цөмийн туршилт хийх зориулалт бүхий санхүүжилт олгохыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг танхимын 227 гишүүн дэмжиж 179 хүн эсрэг байр суурьтай байв. Уг тодотгол Бүгд найрамдахчууд олонхтой Сенатад хэлэлцэж буй батлах хамгаалахын төсвийн хувилбарт ороогүй байгаа аж. Тиймээс Конгрессын хоёр танхим авч хэлэлцсэний дараа л хуулийн төслийн эцсийн хувилбарт тусгагдах юм байна. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхан ойрын үед батлагдах ёстой өөр хоёр хуулийн төсөлд дээрх хоригтой төстэй тодотголуудыг оруулжээ. Хэрэв АНУ цөмийн туршилтаа эхэлж сэргээвэл Орос, Хятад зэрэг орнуудтай зэвсгээр хөөцөлдөхөд хүрнэ гэж ардчилсан хүчнийхэн болгоомжилж байгаа аж. Төлөөлөгчийн танхимд Юта мужаас сонгогдсон Бен МакАдамс гишүүн тус мужийн оршин суугчид олон арван жилийн өмнө явагдаж байсан цөмийн туршилтын нөлөөнөөс одоо болтол зовж шаналж байгаа талаар мэдэгджээ. “Бид яагаад энэ замыг дахин сонгох ёстой юм?" гэж түүний хэлснийг “Hill” сонин иш татсан байна. Үүний зэрэгцээ, Вайоминг мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Лиз Чейни мэдэгдэхдээ, цөмийн туршилтаас татгалзах нь нэг талын зэвсэглэлийг хүлээн зөвшөөрөхтэй адил гэжээ. "Энэхүү хориг нь манай дайснуудаа өдөөж, манай цөмийн шүхэрт итгэх холбоотнуудын маань итгэлийг хөсөрдүүлж байна" гэж Чейни хэлсэн байна.