АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй алдарт реппер Канье Уэст сонгуулийн компанит ажлынхаа анхны уулзалтыг Өмнөд Каролинд зохион байгуулжээ. Уулзалтынхаа үеэх тэрбээр Ардчилсан намынхан АНУ-ын өнгөт арьст хүн амын хувь заяанд огт хайхрамжгүй ханддаг гэж мэдэгджээ. Мөн тэрбээр улс төрчдөөс хэн ч өнгөт арьстнуудыг “чөлөөлж” чадахгүй гэсэн байна. “Бидэнд эрх чөлөөг өгч чадах цорын ганц зүйл бол Амлагдсан Газрын төлөө бурхны өгсөн гэрээслэлийг дагаж мөрдөх явдал юм. Бурхны өмнө бид бүгд ижил. Бид бүгд Бурхны бүтээл” гэж Уэст сонгогчдынхоо өмнө хэлжээ. Түүнчлэн Уэст үр хөндөлтийн талаар ярьсан аж. Репперын аав нь түүний төрөхийг эсэргүүцсэн боловч ээж нь хүүгээ гаргана хэмээн зүтгэсээр хөгжимчинд “амь бэлэглэжээ”. "Аав маань хэтэрхий завгүй байсан учраас Канье Уэст төрөхгүй байх байлаа" гээд тэрбээр ихэр татан уйлжээ. Уэст үр хөндөлтийг шүүмжилсэн мөртлөө түүнийг хуулиар зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн хүүхэд төрүүлсэн эхчүүдэд сая долларын тэтгэмж олгох ёстой гэжээ. Тэрбээр хүмүүсийн өмнө амны хаалтгүй гарч, бас яагаад ч юм Хамгаалалт гэсэн бичигтэй сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байв. "Redfield & Wilton Strategies” компанийн судалгаагаар Канье Уэстийн төлөө АНУ-ын хүн амын хоёр хувь саналаа өгөх төлөвтэй байгаа аж.