Суралцагчдын унших чадварт суурилсан сургалттай “Гэгээ” боловсролын төвийнхөн заах арга барилаа оюуны өмчөөр баталгаажуулжээ. Стрессгүй, тайван үед шинэ зүйлд суралцах чадамж өсдөг учир “Гэгээ” боловсролын төв суралцагсдадаа гэрийн даалгавар, цээжлэх үгс өгөлгүйгээр төвлөрч, бясалгахыг санал болгож, хичээлийн үеэр зөвхөн ном уншуулдаг аж. Эл төвийнхөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, тэнцсэн хүүхдүүдийг хүссэн сургалтад нь үнэ төлбөргүй хамруулдаг гэнэ. Уг тэтгэлэгт 40 гаруй хүүхэд хамрагджээ. Түүнчлэн оффист 30 гаруй залуу байрлаж, сайн дурын ажил хийнгээ суралцах эрх авсан аж.
“Гэгээ” боловсролын төвийн багш А.Цогтзул “Хэл сурах гэж хичээж байгаа мөртлөө ахихгүй байвал хүний тархи цуцаж, гадаад хэл сурна гэхээс айж, шантардаг. Том зорилго тавиад, дунд шатны мэдлэг олж авах хүртэл маш хурдтай суралцах хэрэгтэй. Хүн сонсох, ярих, унших, бичих дарааллаар эх хэлээ сурдаг. Харин хоёрдогч хэлийг эсрэгээр нь сурдаг учраас эхлээд сайн унших хэрэгтэй. Унших явцдаа хүн өөрийн мэдэлгүй шинэ үг цээжилж, дүрмээ ойлгодог” хэмээв.
Ташрамд дурдахад, “Гэгээ” боловсролын төвийн багш нар “Нэст” ахлах сургууль болон “Этүгэн” дунд сургуультай хамтарч ажиллан, өөрсдийн арга барилаар англи хэлний хичээл заах болжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний тогтсон заах арга барилыг өөрчилж, нэг жил хичээл заасны үр дүнд анхан шатны мэдлэгтэй хүүхдүүдийн чадвар нэлээд өссөн байна.
Бэлтгэсэн: Б.Намуун