“Хантайшир” дэвжээний бөхчүүд бэлтгэл хийж байгаа нь
Цонжин болдогоос зүүн хойш хоёр гүвээ давж, цөөн км давхиад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайд хүрнэ. Бургасан шугуй найгуулсан Туул голын үзэсгэлэнт тохойг Харзтай гэж нэрлэдэг аж. Нутаг нутгийн хүчит бөхчүүд сүүлийн жилүүдэд тэндхийн амралтын баазуудад байрлан, наадмын бэлтгэлээ базаадаг болоод буй. Увс аймгийн “Увс нуур”, Өмнөговийн “Говийн хүчтэн”, Баян-Өлгийн “Өлгийн хүчтэн”, Говь-Алтайн “Хантайшир” дэвжээний бөхчүүд энэ жил тийшээ наадмын бэлтгэлд гарчээ. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нутгийн цөөн залууг дагуулан “Таван хан” дэвжээнээсээ тусгаарлан Харзтайд бэлтгэлд гарсан байв. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий ч хэдэн залуу бөх дагуулан ирж, Өмнөговь аймгийн бөхчүүдтэй хаяа дэрлэн “суужээ”. Мөн л Ховд бөхийн дэвжээнийхнээсээ өрх тусгаарласан хэрэг.
“ӨМСДӨГ” Ш.ЗОРИГТЫН ЗӨВЛӨГӨӨ
“Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд үдээс өмнөх зөөлөн наранд барилдааны бэлтгэл хийж байв. Тэдний дэвжээний багшаар аймгийн арслан К.Канат ажиллаж байлаа. К.Канат арслан “Бөхчүүдийн бэлтгэл жигдрээд сайхан байна. Наадам дөхсөн учраас бөхчүүдээр зөөлөн бэлтгэл хийлгэж байгаа” гэж ярив. Тэдний дэвжээний тэргүүн бөх нь улсын начин Б.Серик. “Начин бэлтгэлээ сайхан базаагаад цолоо ахиулахыг төлөө барилдана” гэж дэвжээнийх нь багш дуулгалаа. “Өлгийн хүчтэн” дэвжээнд аймгийн арслан М.Еркибулан, Н.Мустафа, У.Береке зэрэг улсын цол хүртэхийн төлөө барилдах залуу бөхчүүд бэлтгэлээ базааж байв. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон, улсын аварга Э.Оюунболд шүүхэд давж заалдсан. Тиймээс өмнөх жил тавын даваад түүнд унасан Н.Мустафа аймгийн арслан цолтойгоо энэ жилийн наадамд зодоглоно. Хэрэв Э.Оюунболдын аварга цолыг хураах шийдвэр гаргасан бол тэрбээр улсын начин цол хүртэх байв.
“Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн 20 гаруй бөхтэй наадмын бэлтгэлд гарчээ. Тэдний дэвжээнийхэнд зөвлөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин “өмсдөг” Ш.Зоригт уригдан ирж. Тэгш ойн жил буюу Ардын хувьсгалын 80 жилийн баяр наадмын тавын даваанд Ш.Зоригтын өнөөгийн улсын харцага Ш.Уламбаярыг цэргийн заан цолтой байхад нь өмсөж хаясан уран барилдаан бөхийн хорхойтнуудын сэтгэлд тод үлдсэн билээ. Ш.Зоригт начин аймгийн арслан М.Еркибуланаас хэдэн шингэн хийлгэсэн, жингээ яаж тохируулж байгаа талаар асуув. Аймгийн арслан түүний асуултад “Нэг шингэн хийлгэх дутуу” гэж хариуллаа. Цаадах нь “Эрт хийлгэчих хэрэгтэй” гэж зөвлөв. М.Еркибулан арслан жингээ 5-6 кг-аар хассан гэнэ. Жин нь нэмэгдэхээр хурд саарч байгаа учраас ийн “хөнгөрөх” арга хэмжээ авчээ.
УЙЛУУЛАХ, УЙЛАХ ЦАГ УДАХГҮЙ
“Увс нуур” дэвжээний уран барилдаант, улсын харцага Т.Баасанхүүтэй уулзлаа. Өрөмний өт шиг тийчигнэж, хазахаас бусдыг хийн, Ч.Санжаадамба аваргыг хүртэл тэнгэр харуулж, салхи татуулан барилддаг жаахан эр өрөөнийхөө бөхчүүдтэй дөрвөд аялгаар ямар нэгэн хошин зүйлийн талаар ярина. Аялгыг нь ойлгохгүй байгааг мэдэрсэн Т.Баасанхүү халх аялгаар орчуулж өглөө. Фэйсбүүкийн “Та бөхтэй танилц” группийг хөтөлдөг Н.Пүрэвжав түүний хамтрагчийг сүрхий ширтэж гэнэ. Тэгээд л харцага “Яаж хардаг гэнэ ээ. Над руу наадамд түрүүлэх бөх рүү харж байгаа юм шиг хараадахаач” гэж нөгөө нөхрийг цаашлуулсан байж. Сэрүүн өдөр байсан тул “Увс нуур” дэвжээнийхэн дулаан хувцаслаад, барилдааны бэлтгэл хийхгүй, регби хөлбөмбөг тоглохоор зэхэж байлаа. Т.Баасанхүү өнгөрсөн жил бэртэлтэй байсан тул сайн барилдаж чадаагүй. Энэ жил хагалгаа хийлгээд бэртлээ эдгээсэн тул “сайхан үзэх” гэнэ. Тэрбээр хувцсаа өмсөөд босох зууртаа “Уйлцгаах өдөр ч ойртож байна даа” гэлээ. Улсын цолны босго давж чадаагүй, тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслангууд зүлэг ногоон дэвжээн дээрээ нулимс унагах нь бишгүй. Тэрбээр уйлах арслангуудыг ёжилж буй нь энэ. Ам нь ч барилддаг шигээ адтай бололтой. “Та бас ганц нэгийг уйлуулна биз дээ” гэж асуутал дуугарсангүй. Бөхийн жудагт харш тул хариулт хэлэхгүй байх нь зөв.
“Увс нуур” дэвжээ энэ жил 40 гаруй бөхтэй наадмын бэлтгэлд одоогоос сарын өмнөөс гарчээ. Тэдний дэвжээ О.Балжинням, С.Мөнхбат, Н.Батсуурь гэсэн гурван аваргатай. Улсын арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр зэрэг энэ цагт ид барилдаж буй бяртай бөхчүүд мөн багтдаг. Мөнөөх Т.Баасанхүү харцага ч тэдний нэгд зүй ёсоор тооцогдоно. Тэднээс гадна улсын шилдэг начин, аймгийн арслангуудтай. “Увс нуур” бол сүүлийн хоёр жил төрийн наадмын үзүүр, түрүүг тодорхойлоод буй дэвжээ. Тус дэвжээний багш, улсын заан О.Одгэрэл “Би гурав дахь жилдээ энэ дэвжээнд багшилж байна. 2018 оны улсын наадмын шөвгийн найман бөхийн тав нь манай дэвжээнийх байсан. 2019 оны улсын наадмын шөвгийн найман бөхийн гурав нь манай дэвжээнийх байлаа. Үндсэндээ манай дэвжээ сүүлийн хоёр жилд улсын наадмын түрүүг авлаа” гэж ярьсан нь хэр хүчтэй дэвжээ болохыг батална. Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураавал Н.Батсуурь улсын наадамд гурав түрүүлж, даян аварга болно. Тэрбээр дөрөв түрүүлбэл дархан аварга болох юм. Н.Батсуурийг дархан аварга цол хүртэхийн төлөө маш чамбай бэлтгэл хийж байгааг багш нь дуулгалаа. Дархан аварга цолны төлөөх дайчин барилдаануудыг үзэгчид харах бололтой. Бөхийн хорхойтнууд наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр Н.Батсуурийг нэрлэж буй. Улсын цолны босго давж чадаагүй аймгийн арслангуудын нулимс хатаагүй байхад Н.Батсуурь аварга дахин түрүүлж, цэнгэлдэхэд “Увс нуур” дууг хадаах юм биш биз. Хийцтэй, хий багатай, мэдрэмжтэй, бяртай аваргын тэр өдрийн од ямар байхаас хамаарна.
ГУРВАН НАЧНЫ ӨНГӨ
Өмнөговийн аймгийн “Говийн хүчтэн” дэвжээний 20 гаруй бөх Харзтайд наадмын бэлтгэлээ базааж байлаа. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр, Булган сумын харьяат, улсын начин Б.Сумъяа, Хүрмэн сумын харьяат, улсын начин Ш.Дарханбат нар тус дэвжээний тэргүүн бөхчүүд юм. Б.Сумъяа начин дэвжээнийхээ багшаар ажиллаж байгаа гэнэ. Гурван начны өнгө сайхан байлаа. Тэдний дэвжээнд аймгийнхаа наадамд очиж, арслан, заан цолны төлөө барилдах олон залуу бэлтгэлээ базааж байв.
“Говийн хүчтэн”-гийнхэн наадмын бэлтгэлд оройтож гарчээ. Б.Сумъяа начин “Оройтож гарсан бөхчүүдээр хүнд бэлтгэл хийлгэхгүй байгаа. Зөөлөн бэлтгэл хийлгэж байгаад наадамд барилдуулах санаа байна” гэж ярьсан. Энэ зун өмнөх жилүүдийнхээс хүйтэн байгаа аж. Тиймээс бөхчүүдийг хүнд бэлтгэл хийлгэхэд тааламжгүй байгаа гэнэ. Дааруулж болохгүй учраас бороогүй, дулаанхан өдөр л барилдааны бэлтгэл хийлгэж буйгаа Б.Сумъяа начин дуулгав.
Тэдний дэвжээнийхэн барилдааны бэлтгэл хийж буйтай таарсан юм. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн арслан С.Идэрсүрэн залуу бөхчүүдтэй арга туршлагаа хуваалцан, мэх зааж харагдсан. 15 жилийн өмнө аймгийн арслан цол хүртсэн тэрбээр нэгэн үе нутгийнхаа нэрийг дуудуулан заал, танхимын барилдаанд сайн ноцолдож явсан билээ.
АЛТАЙНХАН АРСЛАНГУУДДАА НАЙДНА
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнийхэн наадмын бэлтгэлээ өнгөрсөн сарын 15-наас эхлүүлжээ. Дэвжээгээ шинэчлэн зохион байгуулж, тэргүүнээр нь Харумафүжи Д.Бямбадоржийг ажиллуулахаар сонгосон байна. Р.Давааням зааны хүү тэрбээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол бөхийн төлөө зүтгэхээр болсонд тус дэвжээнийхэн баяртай байгаа гэнэ. Дэвжээний багшаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын начин С.Багахүү ажилладаг. Туслах багш нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн харцага Ч.Дагвадорж юм. Ч.Дагвадорж хэмээх жижигхэн бор залуу 2005-2008 оны үед “Арслан, заануудыг хөлийг шүүрчихээд байдаг, бужигнуулж барилдаад амар заяаг нь үзүүлдэггүй байж билээ. Тэрбээр “Тухайн үед бөхчүүдийн жин бага байж. Би хэдийгээр жижиг биетэй ч өрсөлдөгчийнхөө хөлийг аваад өргөөд гаргаад ирдэг байлаа. Одоо бөхчүүд хүнд жинтэй болсон. Тэр үед бөхчүүд хүнд жинтэй байсан бол би тэгж шуугиулж чадахгүй л байсан” гэж хөөрөлдөв.
“Хантайшир” дэвжээний хамгийн том цолтой бөх нь гарьд Ж.Бат-Эрдэнэ. Тус дэвжээний бөхчүүдийг улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Л.Гантулга, Б.Хишигбаатар нар тэргүүлэн барилдана. Говь-Алтай аймгийнхан сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн спортыг бодлогоор дэмжин хөгжүүлж, нутгаасаа олон залуу бөх төрүүлж буй. Тиймээс аймгийн цолтой олон бөх Алтай нутгаар овоглох болсон билээ. Алтайнхан аймгийн арслангууддаа улсын цолд хүрнэ гэж итгэл хүлээлгэж байгаа аж. Тус дэвжээнд улсын цол зүүдлэн хонож буй Д.Тангад, Ч.Эрдэнэсайхан, Ж.Алтаншагай, Д.Буянт, Б.Отгонбаатар, Т.Сайханжаргал, Д.Эрдэнэтулга нарын аймгийн арслангууд бий. Хоёр хоногийн дараа хэн нь улсын цолтны “гэр бүл”-д багтаж магнай тэнийж, хэд нь дараа жилийн наадмыг хүлээж, нулимс унагах юм, бүү мэд.
“Говийн хүчтэн” дэвжээний бөхчүүд барилдааны бэлтгэл хийж байлаа
Б.БАТ-ӨЛЗИЙ ХАРЦАГЫН БАРААГ ХАРСАНГҮЙ
Харзтайд олны анхаарлын төвд байдаг хоёр бөх байсан нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр нар байлаа. Бөхийн өргөөнд болсон олон барилдаанд түрүүлж, үзүүрлэдэг болж, яван чангараад буй харцага Б.Бат-Өлзийг бөхийн хорхойтнууд заан цолтны тааварт оруулдаг болсон. Заан цолд хүрэх магадлалтай харцага Улаанбаатар руу яваад эзэнгүй байв. Нутгийнхаа бөхчүүдээс салж “нууц” бэлтгэл хийж байгаа нь учиртай биз.
Харин өмнө жилийн наадмын “од” Б.Орхонбаяр начинтай уулзав. Ирээдүйд Ц.Содномдорж арслан шиг барилдаантай болно гэж бөх сонирхогчид итгэл хүлээлгэн ярих болсон Б.Орхонбаяр начин ном унаад сууж байв. Т.Өсөх-Ирээдүй багш нь хот руу явжээ. Багшийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг мэдээлэл өгөхгүй гэсэн үгээр 21 настай улсын начны болзол хангасан залуу од маань ам таглав. Харцага, начин хоёр Увс, Говь-Алтайн сайчуудаас дутахааргүй шуугиулан барилдах нь дамжиггүй. Харзтайд наадмын бэлтгэл хангаж буй бөхчүүдийн өнгө ийм байлаа.