Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт түүх, англи хэлний хичээлээр өчигдөр эхлэв. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулж буйгаараа өнөө жилийн шалгалт онцлогтой. Шалгалтын явцыг сурвалжиллаа.
10.20 цаг. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн хашаанд “1.5-2 метрийн зайтай явна уу, амны хаалтаа зүүж үйлчлүүлээрэй” гэх зөвлөмж бүхий анхааруулгыг хоёр метр тутамд байршуулжээ. Түүхийн хичээлийн шалгалт 10.00 цагт эхэлсэн. Хяналтын ажилтнууд гаднын хүн нэвтрүүлэхгүйн тулд “манаанд” гарч байв. Өмнөх оны 45 төгсөгч эл сургуулийн байранд элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй юм. Сургуулийн гаднах саравчинд хяналтын багийн дөрвөн багш байсан бөгөөд тэд 14.00 цагт эхлэх англи хэлний шалгалтад хөндлөнгийн хянагчаар ажиллахаар ирсэн гэв. Сурагчидтай адил мандат зүүж, амны хаалт, бээлий өмсжээ. Хэрэв мандатаа орхих юм уу, гээгдүүлбэл шалгалтын танхимд орох эрхгүй гэнэ. Мөн хоцролгүй ирж танхимд хяналт хийх ёстой учир эрт ирсэн нь энэ аж. 39 дүгээр сургуулийн байр шалган нэвтрүүлэх гурван хэсэгтэй. Хэсэг тус бүрт хяналтын ажилтан, бичиг баримт тулгагч, зааварлагч байв. Сурагчид 1.5 метрийн зайтай зогсож, шалгалтын байр луу нэвтрэх бөгөөд явах замыг нь чиглүүлэн тусгаарлах зурвас татжээ. Энэ нь бөөгнөрөл үүсэж, дэг алдагдахаас сэргийлэх үүрэгтэй.
11.20 цаг. Шалгалт дуусаж, сурагчид танхимаас гарч ирэв. Амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмссөн тэд багадаа 1-2 минутын зайтай танхимаас цувран гарав. Наранцацрал “Хяналт шалгалтыг маш хатуу зохион байгууллаа. Бид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө танхимд орж, суудлаа эзэлсэн. Цахим хичээл үзэж, ном уншихаас өөрөөр шалгалтдаа бэлдээгүй учир санаа зовж байна. Манай ангид найман хүүхэд шалгалт өгсөн” гэв.
Тус хэсгийг ахлан ажиллаж буй Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжилтэн О.Эрдэнээ шалгалтын зохион байгуулалтын талаар “Нэг ангид 12 шалгуулагч, нийт дөрвөн танхимд 45 хүн шалгалт өгөх байснаас 29 нь ирсэн. Харин үлдсэн 16 шалгуулагчаас гурав нь хоцорч, шалгалтын материал задарсан хойно ирсэн учраас оруулаагүй. Бусад нь ирээгүй. Манай сургуульд өмнөх оны төгсөгч нар шалгалт өгсөн учир хайнга хандаж, ирц муу байлаа. Шалгалтын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж, шалгуулагчдын биеийн халууныг хэмжиж, гарыг нь ариутган, нэг удаагийн хэрэгсэл тараасан. Манай шалгалтын хэсэг 51 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шалгалтын материалыг засаж, хариуг нь гаргасан. Цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж, сурагчдад чирэгдэл үүсгэхгүй, бөөгнөрөл бий болгохгүй байх үүднээс шалгалтын материалыг автомат машинаар засаж, www.live.eec.mn цахим хаягаар засаж буй явцыг шууд дамжуулж байна. Олон шалгуулагчтай монгол хэл, математик, англи хэлний хичээлийн дүнг ч мөн адил шууд гаргана” гэв.
12.00 цаг. Чингэлтэй дүүргийн 23 дугаар лаборатори сургуульд англи хэлний хичээлээр 256 хүүхэд, 22 танхимд шалгалт өгөх хуваарьтай. Сурагчдыг хоёр хэсэгт хуваан, биеийн халуун, бичиг баримтыг нь шалган дотогш нэвтрүүлж эхлэв. Тус шалгалт 14.20 цагт эхлэх ёстой. Түүхийн хичээлийг бодвол шалгуулагчид олон учир эрт танхимд оруулж, суудлыг нь эзлүүлж байгаа хэрэг. Дээрх сургуульд өглөө нь түүхийн хичээлээр 45 хүүхэд шалгалт өгчээ. Хоцорсон хүн байхгүй бөгөөд шалгалтын явцад ямар нэгэн зөрчил гараагүйг сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг хэлэв. Тэрбээр “Олон сурагч англи хэлний шалгалт өгөх учир зохион байгуулалтаа чангатгаад байна. Манай сургуулийн багш нар сар гаруйн хугацаанд төгсөх ангийн сурагчдад давтлага өгсөн. Олон сурагч давтлагад хамрагддаг учир байнгын ариутгал халдваргүйжүүлэлт хийн, биеийн халууныг тогтмол хянаж, гар ариутгагч, нэг удаагийн хэрэгсэл тарааж байсан. Сарын турш ийн ажилласан нь багш нарт туршлага болсон. Коронавирусээс өөр өвчний улмаас халуурч, ханиалгасан сурагчаас шалгалт авахаар дөрвөн хүний суудалтай, хоёр тусгаарлах байр бэлтгэсэн. Одоогоор ийм шалтгаантай сурагч байхгүй учир тусгаарлах байраа ашиглаагүй. Сурагчид шалгалтын байр луу гар утас, тооны машин, үзэгний сав зэргийг авч орохыг завдсан тохиолдол цөөнгүй. Сургуулийн байранд эдгээрийг үлдээх газар байхгүй учир сурагчид хадгалах газар хайн, хугацаа алдаж байна” гэлээ. Шалгалт өгөх гэж буй сурагч н.Энх-Отгон “Боловсролын үнэлгээний төвөөс бэлтгэн хүргэдэг цахим хичээлийг тогтмол үзэж, шалгалтад бэлдсэн. Суудлын хуваарьтай цуг санамж бичиг өгсөн учир амны хаалт, гар ариутгагчаа сайн бэлтгэсэн” хэмээв.
15.30 цаг. Дээрх сургуулийн байранд англи хэлний шалгалт өгсөн 192 сурагч танхимаас гарахдаа бөөгнөрөн, хаалган дээр түгжрэл үүсгэв. Тэднийг танхимаас гарахад нь багш нар үүрэг, чиглэл өгөөгүй учир ийн бөөгнөрөл үүссэн аж.