Далайн түвшнээс дээш 1406 метр өндөрт оршдог, Монголын хамгийн том газар нутагтай аймаг бол Өмнөговь. Эл аймаг Говь гурван сайхан нуруу, Борзон, Галба, Зээмэг, Заг, Сүүж гэх мэт олон зуун километр үргэлжлэх, өргөн их говьтой. Мөн 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг зэрэг палеонтологийн олдворуудаар баялаг нутаг. Дээрх аймгаар аялахдаа түүх, соёлын дурсгалт олон газар үзэх боломжтой. Мөн Өмнөговийг зорихдоо бусад аймаг, сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газраар ч дайрах боломжтой зарим аяллын чиглэлийг сонирхуулъя.
ГОВЬ ГУРВАН САЙХАНД СААТААРАЙ
Зам дагуух үзэсгэлэнт газарт саатан, байгалийн сайхныг үзэж, зорьсон газартаа хүрэх нь нүүдэлчин монголчуудын араншин. Хүмүүсийн хамгийн түгээмэл сонгодог аяллын чиглэл Улаанбаатар-Дундговиос эхэлдэг. Дундговь аймгийн нутагт орших Их газрын чулуу, Цагаан суваргад саатаж, дараа нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 км цуварсан Говь гурван сайхан нуруутай танилцах боломжтой. Дээрх аймгийн Булган сумын нутагт орших эл нуруунд хүрэх замд Баянзагийн суурин тааралдана. 1922-1928 онд Р.Ч.Эндрюсийн удирдсан Америкийн Төв Азийн экспедиц Монголын өмнөд хэсэгт ажиллаж, Арц богд, Баянзаг зэрэг дэлхийд томоохонд тооцогдох чулуун зэвсгийн дурсгалуудыг нээн илрүүлсэн байдаг. Эл дурсгалт газрыг 1925 онд Америкийн эрдэмтэд нээжээ. Эндээс чулуун зэвсгийн үеийн дурсгал болон олон мянган ваарын хагархай олдсон бөгөөд хамгийн сонирхолтой нь археологийн шинжлэх ухаанд говийн үлдэц нэрээр тэмдэглэгдсэн хусуур аж. Олдворуудынх нь дийлэнхийг зэв, зуулга, хутга зэрэг зэвсэг эзэлдэг юм.
Ёлын амаар алдаршсан Говь гурван сайхан нурууны хаяанд Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газар бий. 1993 онд дээрх дурсгалт газруудыг бүхэлд нь багтаан, 2.6 сая га талбайг Говь гурван сайхны байгалийн цогцолборт газар хэмээн нэрлэсэн. Тус нуруунд Дүнгэнээгийн хавцал оршино. Дээрх дурсгалт газрыг үзсэний дараа Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо, Булган сумын нутгаар урсдаг Онги голыг зориорой. Мандал-Овоо сумын нутагт орших тус голын усны түвшин жил ирэх тусам багассаар 13 жил тасарсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд дахин сэргэж, 417 км урсан, Улаан нуурт цутгадаг болжээ. Үүнээс цаашлаад Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх Хөх бүрд хэмээх нуурыг зориход тохиромжтой. Эл нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед холбогдох чулуун цайзын туурь бий. Өндөр нь 7-8, өргөн нь 10 метр бөгөөд 25 км үргэлжлэх дөрвөн хэсэг бүхий энэ цайзыг Сүм хөх бүрд театрын туурь хэмээн нэрлэдэг. Анх барилгын урдуур 40 метр урт, давхар ханатай чулуун хэрэм байсан бөгөөд Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ энд тоглуулсан түүхтэй. Тиймээс энэ туурийг 1998 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Эндээс хөдлөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойш 37 км зайд орших Бага газрын чулууг үзэж, Улаанбаатарыг зорих боломжтой. 300 ам метр талбайг эзлэн орших 1768 метр өндөр, боржин чулуун эл газрын ойр орчимд Сөдөтийн ам, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх зэрэг олон дурсгал бий. Эл чиглэлээр аялбал 1800-2000 орчим километр зам туулна.
И.УДВАЛ (Аялагч):
-Говь гурван сайхан байгалийн цогцолборт газарт нэвтрэхийн тулд дотоодын иргэд 300, гадаадын аялагчид 2000 төгрөг төлдөг. Үүдэнд нь нутгийн онцлогийг харуулсан жижиг талбайтай, арвин үзмэртэй музей байдаг юм билээ. Тасалбар нь 2000 төгрөгийн үнэтэй. Музейгээ үзсэний дараа машинаар Ёлын аманд очиж болдог. Зогсоолоос цааш 1-1.5 км яваад, зуны дунд сар хүртэл хайлдаггүй мөс харах боломжтой. Энд сэрүүхэн учир хүмүүс ноосон цамц, дулаан хувцастай ирвэл зохимжтой мэт санагдсан.
СЭВРЭЙД СЭТГЭЛ ТАТАХ ОЛОН ГАЗАР БИЙ
Улаанбаатар хотоос Даланзадгад сум орж, Хонгорын элсийг үзэх эл аяллын чиглэлд байгалийн үзэсгэлэнт олон газар багтжээ. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн гурав орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манханыг Хонгор хэмээн нэрлэдэг. Сэврэй, Номгон, Зөөлөн уулын араар баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн, 925 ам метр талбайг эзлэх Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцын есөн давхартай тэнцэх өндөр элсэн манхны оройд мацаж гарсны дараа ойр хавийн хүн, мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ тод сонсогддог учир ийн нэрлэжээ. Хонгорын элсний урдуур хадтай уул, хойд бэлийг нь баянбүрд хүрээлдэг учир үзэсгэлэнтэй харагддаг.
Үүнээс цааш аяллаа үргэлжлүүлэн, Наран даацад саатах боломжтой. Өмнөговь аймгийн төвөөс 400, Гурван тэс сумаас баруун хойш 96 км зайд орших, манай улсын ундны цэвэр усны гол нөөц газар аж. Эл газрыг эртнээс говийн баянбүрд хэмээн нэрлэж, ойр хавийн зэрлэг амьтад, шувуу, хүн, мал тэндээс ундаалдаг байжээ. Харамсалтай нь, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг анхлан тогтоох үед Наран даацыг улсын тусгай хамгаалалтаас хассан байна. Наран даацаас баруун тийш Хэрмэн цав, Зуун мод, Зулганай, Шаригийн ганга, Тосон бумбын нуруу, хойшоо Баянхонгорын чиглэлд аялах боломжтой. Мөн цаашлаад Сэврэй сум дахь Чоно шургуул, Сэнжит цохио, Шавираагийн агуй, Мухар дуслуур, Жаргалант зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газрыг үзэж болно. Тус сумд хулан, ирвэс, аргаль, янгир, хар сүүлт, шилүүс, чоно, үнэг зэрэг зэрлэг амьтан элбэг тааралдана. Дараа нь аялагчид Арц богд уулс дагуух хөндийд орших шаварлаг хурдас бүхий Баянзагийг зорьдог. Өргөн нь тав, урт нь найман км үргэлжлэх бөгөөд улаан, шаварлаг хөрстэй. 1920 онд Америкийн эрдэмтэд эл газрыг судлан, гал шиг харагддаг учир “Flaming cliffs” гэж нэрлэжээ. Мөн тус судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг илрүүлсэн юм. Эл газрын хойд хэсэг заган ойтой бөгөөд 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр өдгөө ч олдсоор буй. Дараа нь Даланзадгад орж, Улаанбаатар хот руу буцах эл чиглэлийн дагуу аялбал 7-8 өдөр зарцуулах гэнэ.
Н.ГЭРЭЛ (Аялагч):
-Говийн шөнө үнэхээр үзэсгэлэнтэй. Майхан бариад хоновол шөнийн тэнгэрийн одод илүү сайхан харагдана. Наймдугаар сарын сүүлчээр Өмнөговь аймгийг зорьсон юм. Шороо тоос их, халуун учир нимгэн, битүү хувцас авч явах хэрэгтэй гэж хүмүүс зөвлөдөг юм билээ. Богино хугацаанд ялахаар төлөвлөсөн бол ийм хувцас тохиромжтой. Харин олон хоног аялахаар бол зузаан хувцас авч явах хэрэгтэй. Үзэх газар олон учраас нэг дор бүгдтэй нь танилцаж амжихгүй л болов уу.
ОЙР ЗАЙД ОЛОН ГАЗАР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ
Хэрэв та давчуу хугацаанд аялж байгаа бол Улаанбаатар-Өмнөговь-Дундговь-Төв аймаг гэсэн чиглэлийг сонирхоод үзээрэй. Гурван өдөр хоёр шөнө үргэлжлэх эл аялал Улаанбаатар-Дэмчогийн хийдээс эхэлнэ. Догшин ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт найман хийд байгуулсны нэг нь Ханбогд сумын нутагт орших эл хийд. 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр луужинг пүрэв хэмээн нэрлэдэг бөгөөд Хамрын хийдээс хөөргөсөн нь эл газарт унасан тул Дэмчогийн хийдийг энд барьсан гэдэг. Хийдийн ойр хавийг үзсэний дараа тус сумын нутагт, далайн түвшнээс дээш 1213 метр өндөрт орших Баяжихын агуйг сонирхох боломжтой. Агуйг зоривол эд, баялаг арвижна хэмээн нутгийн иргэд итгэсээр өдий хүрчээ. Үүний дараа Дундговь аймгийн нутагт орших Бага газрын чулууг зорьж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хаданд очно. Хоёр метр өндөр, хүн хэлбэртэй, байгалиас тогтсон эл хаданд хүмүүс хүслээ шивнэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 90 км зайтай билээ.
Б.БАТЗОРИГ (Аялагч):
-Ажил ихтэй учир амралтын өдрүүдээр Өмнөговь аймгаар аялсан. Ганцаараа болохоор машин, хоол хүнс гэж цаг алдалгүйгээр аяллын компанид хандсан юм. Тус аймагт үзэж, сонирхох зүйл ихтэй болохоор тухтай саатвал зохимжтой. Тиймээс дурсгалт газраас нь түүвэрлэх, эсвэл хүн цөөнтэй аяллын багт нэгдэх хэрэгтэй. Хурц нартай, бүгчим халуун учир малгай, нарны тос зэрэг хэрэгцээт зүйлсээ мартуузай гэж зөвлөе.
Цаг агаар: Өмнөговь аймаг эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө 20-30 хэм хүйтэн, зундаа 30-38 градус халуун байдаг. Салхины хурд секундэд 5-15 метр, заримдаа 34-45 хүрч ширүүсдэг. Долдугаар сард тус аймгийн ихэнх нутагт
22-28 градус хүрч халах тул аялагчид цаг агаарын нөхцөлд тааруулан бэлтгэлээ хангаарай. Тус аймагт хур тунадас бага ордог учир цаг агаарт зориудаар нөлөөлж, хур оруулах ажлыг жил бүр хийдэг гэнэ.
Аялалд анхаарах зүйлс: Өмнөговь аймаг руу тогтмол аялал зохион байгуулдаг жуулчны зарим компанийн аяллын багийнхан зайлшгүй авч явах шаардлагатай дараах зүйлсийг зөвлөдөг аж. Үүнд, духны гэрэл, нар, шумуулын тос, усны гутал, усны сав, цэнэг хураагч зэрэг багтжээ. Харин говийн аймаг руу аялахдаа шингэн хий агуулсан, хурц үзүүртэй эд зүйлс, хуванцар сав зэргийг авч явахгүй байхыг зөвлөдөг юм байна.