АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улс төрийн голлох хоёр хүчин болох МАН, АН-ын удирдлагыг оролцуулсан мэтгэлцээнийг өнөөдөртөө багтааж МҮОНРТ-ээр зохион байгуулахыг уриалж байна. МҮОНРТ өмнө нь хоёр намын удирдлагыг оролцуулсан мэтгэлцээнийг зохион байгуулдаг байсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийг тодорхойлж байгаа гол хоёр намын хооронд мэтгэлцээн зохион байгуулж, цаашдаа улс орныг яаж авч явж, энэ эгзэгтэй асуудлаас авч гарах юм гэдэг бодлогын мэтгэлцээн зохион байгуулах санаачилга гаргасангүй.
Эрх барьж байгаа МАН асуудалд ил тод нээлттэй хандаж чадсангүй. Өөрсдийнхөө хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрөө ил тод мэтгэлцээний зарчмаар олон түмэндээ гаргаж тавьсангүй. Энэ цаг мөч хүртэл бид тэвчээртэй хүлээлээ. Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр ч гэлээ МҮОНРТ бодит дүгнэлт хийгээд улс орны өмнө тулгамдаад байгаа өнөөдрийн Монгол төрийн явуулж байгаа үйл ажиллагааны талаар нээлттэй мэтгэлцээн зохион байгуулахыг уриалж байна" гэлээ.