Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 11-12-нд хот, аймаг, сумд зэрэг хийхээр УОК-ын шийдвэр гарсан. Дэлхий дэлэгнэж, дэнж хотойтол нааддаг монголчууд наадмаа энэ жил “Ковид-19” цар тахлын улмаас цахимаар үзэж, цомхон наадах боллоо. Зүлэг ногоон дэвжээнд зодоглох бөхчүүд бэлтгэлээ хийхээр галдаа гарчээ. Тэгвэл үндэсний сур, шагайн харваачид тус тусын галд гарч бэлтгэл хийх хүсэлтээ УОК-т явуулж, албан ёсны чиглэл өгөх, зөвлөмжийг хүлээж байгаа аж. Одоогоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ талаар хараахан шийдвэр гаргаагүй. Энэ жил хүчит бөхчүүд, үндэсний сур, шагайн харваачид Төв цэнгэлдэхэд бус “XIII зуун” байгалийн цогцолбор газрын төв талбайд зодоглон, цэц сорих нь. Ингээд бөх, уяач, сур, шагайн харваачид наадмын бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар сонирхуулъя.
Спорт хороод:
“АЛДАР”
“Алдар” спорт хорооны хүчтэнүүдийг Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд Сэлэнгэ аймгийн Тавантолгой гэх газарт бэлтгэлээ базааж эхлэв.
“СҮЛД”
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахлагчтай ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөхчүүд Улаанбаатараас холгүй орших “Төр хурах” амралтын баазад төвхнөв. Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү нар ч бас нэгджээ.
“ХҮЧ”
Тус хорооны бөхчүүд гал болон нэгдэж, бэлтгэлд хараахан гараагүй байна.
Дэвжээ:
“ТАВАН ХАН”
Монгол Улсын начин Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг Баруунбүрэн сумд бэлтгэл хийлгэхээр гарчээ.
“ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН”
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд гал болон гарч, Монгол Улсын арслан Д.Ганхуягийн удирдлагад бэлтгэл базааж буй. Тус дэвжээнд улсын заан Т.Санчир, улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар багтав.
“УВС НУУР”
Монгол Улсын арслан Б.Ганбат ахлагчтай “Увс нуур” дэвжээний бөхчүүд Харзтайн ам дахь амралтын баазад наадмын барилдааны бэлтгэл хангаж байна. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр нар тэдэнтэй хамт гарсан гэнэ.
“ӨЛГИЙН ХҮЧТЭН”
Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Хас өргөө” амралтын газарт дөрөв дэх жилдээ гарч буй. Улсын заан Д.Одгэрэлийн удирдлагад улсын начин Б.Серик, Б.Баатарцол, аймгийн хурц арслан К.Ханат, У.Береке, Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек зэрэг 40 гаруй бөх бэлтгэл хийж байгаа аж.
“БӨХ БИЛЭГТ”
Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлийг нутагтаа улсын гарьд Д.Рагчаа ахлан удирдаж, бэлтгэл сургуулилалтыг нь хийлгэж байгаа. Тус дэвжээний галд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч нар бий.
“ИХ БОГД”
Монгол Улсын харцага Д.Батболдоор ахлуулсан, Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээнийхэн нутгийнхаа Номгон хайрхан, Түйн гол хэмээх газарт бэлтгэл хийхээр гараад байна. Тус галд улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат гээд 20 гаруй бөх байгаа.
Завхан аймгийн “Даян”, Ховд аймгийн “Ховд” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэл базаахаар гарсангүй. Цар тахлын улмаас зарим дэвжээ, галын бөхчүүд зааланд сургуулилалтаа хийж, наадамд зодоглох гэнэ.
Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Энэ жилийн наадмыг Улаанбаатараас 80 километрийн зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зохион байгуулна. Ийм шийдвэр гаргасан нь нэг талаас наадамчин олныг цар тахлын дэгдэлтээс хамгаалах, нөгөө талаас олон жил нэг хэвийн наадахыг өөрчилье гэсэн санаа байж болох юм. Техник, технологийн дэвшил ашиглан монгол наадмыг цахимаар дэлхий дахинд сурталчлах боломж хэмээн зохион байгуулагчид үзэж буй байх. Үндэсний бөхийн салбар хорооноос холбоонд чиглэл өгч бөхийн галуудаас нэг багш, дасгалжуулагчид наадмын талбайд орох мандат олгоно. Бөхийн галуудад баяр наадмын бөхийн салбар хорооныхон жил бүр очиж, яриа таниулга хийдэг. Нэгдүгээрт, сэргээш, хоёрдугаарт, Засгийн газраас 2018 онд баталсан баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулдаг юм. Монгол Улс дотооддоо цар тахал алдаагүй тул бөхийн галууд бэлтгэл, сургуулилтаа хэвийн хийж болно. Харин наадмаар бөхчүүдийн халууныг нь үзэж барилдуулна. Улс, аймаг, сумын наадмын барилдаан баяр наадмын тухай хуульд заасны дагуу явагдана. Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цолтон төрөхгүй. 2018 онд баталсан үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тухай хуульд бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэн барилдуулах, мөн сэргээшийн ямар нэгэн асуудалд холбогдсон байвал бүртгэхгүй гэсэн заалт бий. Тэгэхээр энэ жилийн улсын наадмын барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглох боломжгүй” хэмээн өгүүлсэн байна.
Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөхөөр тодорсон, улсын аварга Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргахгүй тохиолдолд түүнд өвдөг шороодсон бөхчүүд тухайлбал, залуу бөх М.Баянбаатар нэг, аймгийн начин Т.Лхагвасүрэн хоёр, аймгийн харцага М.Жамсрандорж гурав, аймгийн арслан Т.Батсүх дөрвөн даваатай болох нь. Харин түүнтэй барилдаж, улсын цолноос атгаад алдсан аймгийн арслан Н.Мустафа тав давж улсын начин, улсын начин Б.Цэдэнсодном зургаа даван улсын харцага, улсын харцага Д.Анар долоо давж улсын заан, улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цол хүртэх юм.
Үндэсний сур, шагайн харваа:
Энэ сарын 16-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн баталсны дараа уяачдын галууд түрүүчээсээ Хүй долоон худагт төвхнөж, наадамд хурдан морьдоо уралдуулахаар сойж эхэллээ. Тэгвэл үндэсний сурын харваачид одоогоор гал болон нэгдэж гараагүй ч сурын талбайд өдөр бүр 12.00-19.00 цагт бэлтгэл хийж байгаа. Энэ тухай Монгол Улсын мэргэн Б.Баярсайханаас тодруулахад “Үндэсний сурын харваачид одоогоор нэгдсэн бэлтгэлд гараагүй байна. Энэ сарын сүүлчээр өөрийн харьяалагдах спорт хороо, клубийнхээ харваачидтай гал болж нэгдэх байх. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 540 харваач цэц сорьдог уламжлалтай. Үндэсний сур харвааны нээлтийн болоод УАШТ-д амжилттай оролцож, 40 сумнаас 20 оносон харваачид улсын наадмаар сур харвадаг. Нээлтийн харваа нь харваачдын хувьд шинэ оны өнгийг тодорхойлох чухал тэмцээн байдаг юм. Тиймээс ихээхэн ач холбогдол өгч оролцсоор ирсэн. Энэ жил цар тахлын дэгдэлтийн улмаас сорил тэмцээн болоогүй тул наадмаар 640 харваач сур харвана.
Улс, аймаг, сумын наадмыг долдугаар сарын 11- 12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул орон нутгийн харваачид аймаг, сумынхаа наадамд оролцох болов уу” гэсэн юм. “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа “Үндэсний сурын харваачид нэгдсэн цугларалтад гарч бэлтгэл хийх хүсэлтээ УОК-т өргөн барьсан. Албан ёсны чиглэл өгөх, зөвлөмжийг хүлээж байгаа. Хэрвээ зөвшөөрвөл спорт хорооныхоо харваачидтай бэлтгэлд хамт гарна. Манай “Алдар”-т надаас гадна улсын даян мэргэн С.Энхтунгалаг, улсын мэргэн Б.Батбаатар, Б.Баярсайхан нар бий” хэмээв. “Алтан дуулга” ХХК-ийн харваач, буриад сурын гоц мэргэн Ж.Нямдаваа “Манай Хөвсгөл аймгийн 30 гаруй харваач энэ сарын сүүлчээр “Цонжин болдог”-т (Чингис хааны морьт хөшөөт цогцолбор) гарч, бэлтгэл хийнэ” гэлээ. Тэдэнтэй адил шагайн харваачид мөн л шийдвэр хүлээж, бэлтгэлээ клуб, зааланд базааж байна.