Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн сурагчдын хичээл, сургалтыг зогсоосон. Гэсэн хэдий ч энэ жил үзэхээр төлөвлөгдсөн хичээлийн агуулгыг хоцрогдуулахгүйн тулд теле хичээл явуулах шийдвэр гарч, сурагчид хичээлээ бүрэн үзэж дууссан билээ. Харин төгсөх ангийн сурагчдад теле хичээл шаардлага хангахгүй, бие даан үзэж буй ном, сурах бичгээс ойлгохгүй зүйлсээ багшаасаа лавлах боломжгүй зэрэг хүндрэлүүд үүсээд буй. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор төгсөх ангийн сурагчдад теле хичээл, элсэлтийн шалгалтад хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг багтаасан СD тараахаар шийдвэрлэж , нийт 28 мянган сурагчдад тараагдсан.
Иргэд болон сурагчдын зүгээс энэ асуудлыг буруу шийдвэр хэмээн шүүмжилж, СD, DVD уншдаг компьютер, төхөөрөмж байхгүй гэдгийг илэрхийлж байсан. Энэ талаар зарим хөдөө орон нутгийн сурагчдаас лавлахад CD –гээ авсан ч унших төхөөрөмж байхгүй, уншуулах зав ч олдоогүй гэх мэт хариултуудыг өгч байлаа. Эндээс харахад тус шийдвэр нь тодорхой үр дүнд хүрээгүй нь ажиглагдаж байна.
Харин тавдугаар сарын нэгнээс эхлэн нэг ангид арван хүүхэд суулгах журмаар давтлага хичээл орох шийдвэр гарснаар дээрх асуудлууд намжиж, сурагчид хичээлдээ явж эхэлсэн. Энэ мэт хөл хорио тогтоосон энэ цаг үед төгсөх ангийн сурагчдыг анхааран үзэж, боломжоороо зохицуулан бэлдүүлсээр ЭЕШ ыг ирэх долдугаар сарын 2-5-ны хооронд авахаар төлөвлөжээ. Цахимаар авах шийдвэр гарсан ч шударга биш хэмээн үзэж хуучин хэлбэрээр нэг ангид 1.5-2 метрийн зайтай байршуулсан ширээнд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож Нийслэлийн хэмжээнд 85 шалгалтын байрыг бэлдэж байгаа аж.
Боловсролын газраас шаардлагатай шийдвэрүүдийг ийнхүү авч ажилласан. Харин сурагчид чухам хэрхэн бэлтгэлээ хангасан талаар зарим сурагчдаас тодруулга авлаа.
Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Б. Байгаль:
Миний хувьд энэ жил англи хэл, математик, нийгэм судлал гэсэн гурван хичээлээр ЭЕШ өгөх гэж байна. Энэхүү хичээлүүд ихэнх мэргэжлийн суурь болдог учир өрсөлдөөн ихтэй байдаг. Хичээл орсоноос эхлэн бага багаар хичээлүүдээ үзээд, дөрвөн сараас эхлэн идэвхтэй тестийн ном дээр ажиллаж эхэлсэн.
Тавдугаар сарын 11 –нээс эхлэн нэг ангид арван хүүхэд хичээллэх журмаар давтлагууд орж, мэргэжлийн хичээлийн багш нар маань өнгөрсөн оны ЭЕШ- ын тестээр шалгалт авч , алдаанууд дээр тулгуурлан давтлага өгч байна. ЭЕШ бэлдэх явцад хөл хорио тогтоосноос үүссэн давуу болон сул талууд ажиглагдаж байлаа. Хүндрэлтэй зүйл нь өмнөх онуудад танхимаар хичээллээд, ойлгохгүй зүйл гарвал багшаасаа лавлаж асуудаг. Харин энэ жил хэдий цахимаар тодруулж байгаа ч багш нар хүүхэд бүрт хариулах боломжгүй санагдсан.
Сурагчдад карантенаас үүссэн давуу, сул тал ч байна. Харин өөр хичээлийн дүнгүүд гаргана гэхгүйгээр ЭЕШ –ын хичээлүүдээ судалж бэлдэх боломж олдсоноороо илүү давуу талтай байсан. Сурагчдын хандлагын хувьд янз бүр байна. Зарим хүүхдүүд энэ жилийн ЭЕШ дээр хичээлүүдийн карантенаас хойших агуулгыг оруулахгүй гэх мэдээг сонсоод хайнга байдал гаргах гээд байснаас биш ихэнх сурагчид өмнөх онуудын сурагчдаас ялгаагүй бага зэргийн айдас, сандралтай харагдсан. Сургуулийн мэдээллийг бол цахимаар авч байгаа. Мөн сонирхож буй сургуулийнхаа таньдаг оюутан болон багш нараас мэдээлэл авахыг хичээж байна.
Чингэлтэй дүүргийн 49–р сургуулийн12-р ангийн сурагч Д. Нямсүрэн:
Энэ жил монгол хэл, нийгэм, англи хэл гэх хичээлүүдээр ЭЕШ- өгөхөөр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Гэхдээ энэ жил хөл хорионоос болоод багш нартайгаа тулж харьцаж чадахгүй асуудал тулгарсан ч цахим хичээлээ үзэж, бие даан судлахыг зорьсон билээ. Сүүлийн онуудын ЭЕШ тестийн ном дээр ажиллаж байна. Ойлгохгүй зүйлс их гарч байна. Хөл хорио тогтоосны сул тал нь ихэнхдээ багшаар хэлүүлж хийдэг дадал суусан учир биеэ дааж хийхэд асуудал тулгамдсан ч даваад гарсан.
Биеэ дааж өөрөө судалж мэдэх, өөр дугуйлан , сургалт гэхгүй тогтвортой бэлдэх цаг гарснаараа онцлог. Мөн цахимаар ном хайх, янз бүрийн мэдээлэл хайж унших зэрэг дадлуудыг өөртөө хэвшүүлэхийг хичээсэн. Өмнө нь биднийг хичээл дээр, гэрт ч утас оролдож болохгүй гэж хязгаарладаг байсан бол хөл хорионы үед илүү мэдээллийг хайж олоход суралцаж байна. Сурагчдын хувьд биеэ дааж сурах, бие дааж мэдээлэл хайж, шалгалт өгч сурах хэрэгтэй гэдгийг хэлье. Тийм чадварт суралцсан бол ямар ч нөхцөлд шалгалт өгөх боломжтой. Орох сургуулийн мэдээллийг таньдаг ах эгчээсээ болон цахимаар авч байна.
Говь Алтай аймгийн 1-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Хишигбаяр:
Эмчийн мэргэжил сонгохоор шийдсэн учир хими, биологи, нийгэм, монгол хэл гэх хичээлүүдээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа. Хэдий хичээл завсардаж хөл хорио тогтоосон ч багш нар маань давтлага өгч байсан. Карантен нэг их нөлөөлөөгүй. Харин ч хичээлүүддээ бэлдэх зав зай их гарсан нь давуу талтай.
Орон нутаг болон Хотын сурагчдын ялгаа их байх шиг санагддаг. Орон нутагт хичээл орохгүй ч багш нараасаа төгсөх ангийн сурагчид нь давтлага авдаг. Эхлээд цахимаар сорилоо авч байгаад сүүлд цахимаар давтлага явуулсан. Гэхдээ хот, хөдөө гэхээсээ илүү сурагчдаас өөрсдөөс нь их шалтгаалдаг. Ганцхан хөдөө сүлжээгүй газар очсон хүүхдүүдийн хувьд хоцрох магадлал их гарсан учир гэрийнхэнд нь хэлж аймгийн төв дээр суулгасан. Хуучин бол орон нутгийн сурагчид ирсэн хуваарийг л авдаг байсан бол одоо хүссэн сургуульдаа элсэх боломжийг цахим орчин өгч байна. Миний хувьд Анагаахын ухааны сургуульд орох зорилго тавьсан учир аль эртнээс судалж байсан. Ороод суралцаж байх хугацаандаа мэргэжлээ сонгодог юм билээ. Хүний их эмч болно гэж мөрөөддөг.
Ийнхүү сурагчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь энэ жилийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д дагнан бэлдэх боломжийг өгсөн нь ажиглагдаж байна.