Гэрэл зургийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг
Монгол орны говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн гарчээ. Тодруулбал, өргөст торноос болж популяц нь хумигдсан хулан 1955 оноос хойш буюу 65 жилийн дараа анх удаа төмөр замын зүүн талд гарсан байна. Уг ажлыг санаачлан, хэрэгжүүлэгч Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэн ирснийг баримтжуулсан нь дэлхий дахинд зарлан мэдэгдэх онцгой үйл явдал боллоо” хэмээжээ. Төмөр замыг 1955 онд ашиглалтад оруулснаас хойш хулан торон хашааг нэвтлэн, Монгол орны зүүн талын бэлчээрт хүрч чадахгүй байсан юм. Үүнд өргөст тор саад болдог, эсэх талаар 2000 оныг хүртэл эрдэмтэд маргалддаг байв. Олон жилийн судалгааны үр дүнд төмөр замын хоёр талын тор болон манай улсын хилийн дагуух өргөст торууд амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд томоохон саад учруулдаг нь нотлогджээ.
Нүүдлийн амьтдад тулгарсан эмгэнэлт хувь тавиланг хулан тойрсонгүй. Эрдэмтэд 2013-2018 онд хулан, цагаан зээр зэрэг амьтанд байршил тогтоогчтой хүзүүвч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь мониторинг хийжээ. Хулангийн нүүдэл Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хашаа хүрээд буцдаг нь тогтоогдсон байна. Мөн төмөр зам дагуу Замын-Үүд хүртэл явж судалгаа хийхэд торонд өлгөгдсөн асар олон зээрийн сэг байжээ. Угаас байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан цөөрсөөр байгаа амьтад ийн нүүдэллэх замдаа үхэж байна гэсэн үг. Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан жагсаалтын ховордож болзошгүй ангилалд багтсан хулангийн тоо толгойг ойролцоогоор 60 000 орчим гэж эрдэмтэд тооцоолдог.
Иймд Улаанбаатар төмөр замын дагуу торон хашааны зарим хэсгийг зэрлэг амьтдад ээлтэй болгон өөрчлөх, цаашлаад хуланд зориулсан гарц бий болгохоор нэг жилийн туршилтын төслийг “Оюутолгой” компанийн санхүүжилтээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, ШУА, БОАЖЯ, ЗТХЯ, зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд хулангийн нүүдэл шилжилт хамгийн их төвлөрдөг хоёр газарт гарц бий болгосон байна. Гарцуудын ойролцоо 85 автомат камер байршуулжээ. Хулан гарцаар гарсан нь өнгөрсөн гуравдугаар сард камерт бичигдсэн аж. Түүнчлэн зөвхөн хулан бус, хар сүүлт, цагаан зээр гарцаар орж, гарч буйг баримтжуулжээ. Биологичид энэ талаар “Хулан төмөр замын зүүн талд гарснаар говь-хээрийн экосостемийг дахин холбох эхлэл тавигдлаа. Говь-хээрийн экосистемд сөргөөр нөлөөлөх дэд бүтцийн хөгжлийн олон хүчин зүйл зэрэгцэн бий болж, амьтдын амьдрах орчин, тоо толгойд сөргөөр нөлөөлөх болсныг цаашид сайтар анхааран, судлах шаардлагатай” хэмээлээ.
Говь-хээр нь манай гаргийн хамгийн том бэлчээрийн экосистемүүдийн нэг бөгөөд ойролцоогоор 850 000 ам км нутгийг хамардаг. Нэг сая гаруй цагаан зээр тэнд амьдардаг. Олон улсын худалдааг хөнгөвчлөх тээврийн коридоруудыг говь-хээрт бий болгосноос зарим амьтны амьдрах орчин хуваагдах аюулд хүрсээр буй юм.
Бэлтгэсэн: М.Оч