Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга, Тосон нуурт жил бүр хүмүүс олноороо очиж, амарч, эмчилгээ сувилгаа хийлгэдэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хоёр нуурын ус татарч, экологийн доройтолд орж эхэлсэн учраас тус сумын ИТХ захирамж гаргаж энэ онд хаан, үйл ажиллагаа явуулахгүй өнжөөж байгаа юм.
Эмчилгээний ач холбогдолтой, байгалийн эрдэс бүхий ховор энэ нуурын ойр орчим нь жил бүрийн зун дотоодын аялагчдын хөлд дарагдаж 6-8 дугаар сард буюу 60 хоногт 30 000 хүн, 7000 орчим тээврийн хэрэгсэл ирдэг. Жуулчдын 21 000 орчим нь эмчилгээний бус зорилгоор ирж, амардаг гэсэн судалгааны тайланг мэргэжлийн байгууллагууд гаргасан аж. Эдгээр нөхцөл байдал нь Аварга, Тосон нуур, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буйг үндэслээд орон нутгийн засаг захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг авсан юм.
Жил бүр доройтох болсон эл бүс нутгийг холбогдох байгууллага анхааралдаа авч, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-наас нуур хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж энэ жилийн улсын төсөвт хөрөнгө суулгасан аж. Уг хөрөнгөөр болон “Багануур” ХК-ийн санхүүжилтээр нуур хамгаалах хэд хэдэн ажлыг зэрэг эхлүүлжээ.
Бэлтгэсэн:Д.Дайчин