Коронавирусийн улмаас их, дээд сургуулиуд цахимаар хичээллэх болсон. Ингэхдээ өөр өөрсдийн дотоод журмыг баримталж ирц, даалгавраа шалган, оюутнуудыг дүгнэсэн билээ. Өөрөөр хэлбэл, гэнэтийн шалтгаанаар оюутан, суралцагчид өмнө нь хэрэгжүүлж байгаагүй аргаар хичээлээ үзсэн гэсэн үг. Мөн төгсөх дамжааны оюутнууд бакалаврын ажлаа цахимаар хамгаалж, дипломоо авч буй. Гэтэл хэдхэн хоногийн өмнө зарим их сургууль “Төгсөх дамжааны оюутнуудын энэ хаврын зээл авах хүсэлтийг хүлээж авахгүй тул төлбөрөө төлнө үү” хэмээн оюутнууддаа мэдээлжээ. Энэ талаар СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сургалтын албаныхнаас лавлахад “Жил бүр их, дээд сургуулиудад оюутны хөгжлийн зээлийг төсөвлөж, санхүүжилт олгодог байсан.
Харин 2019-2020 оны хичээлийн жилийн II улиралд олгох зээлийн санхүүжилтийг Боловсролын зээлийн санд оруулаагүй. Тийм учраас тус сангаас зөвхөн төгсөх дамжааны оюутнуудын энэ улиралд авсан зээлийг хүчингүйд тооцож, төлүүлэх болсныг мэдэгдсэн” гэж хэллээ. Тус сургуулийн IV дамжааны оюутан М.Ганзориг “Би энэ улиралд 800 мянган төгрөгийн зээл авсан. Гэнэт төлбөрөө төлөх шаардлагатай болсныг хэллээ. Боловсролын зээлийн сангаас гаргасан шийдвэрийг сонсоод их гайхсан. Хөл хорио тогтоосны улмаас өрхийн орлого буурсан тул ийм хэмжээний мөнгийг богино хугацаанд олох хэцүү санагдаж байна. Уг нь сургуулиа төгсөөд, зээлээ бага багаар төлнө гэж тооцоолсон байсан” хэмээв.
Мөн энэ асуудлаар МУИС-ийнхнаас тодруулахад “Бид энэ жил төгсөж буй оюутнуудын дипломыг шуудангаар хүргүүлэхдээ зээлийн гэрээгээ хавсаргана гэж тооцож байсан. Гэхдээ Боловсролын зээлийн сангаас хоёр хоногийн дараа тодорхой чиглэл өгнө гэсэн. Тэр үед нь ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэлээ. Харин Боловсролын зээлийн сангийн ажилтнаас энэ талаар тодруулахад “Сангийн яамнаас зээл авах хэмжээг баталж, санхүүжилтийг шийдсэнээр их, дээд сургуулиудад хуваарилдаг. Одоогийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн санд төсөв хуваарилаагүй учир нэг ч оюутанд зээл олгох боломжгүй” гэсэн юм.
Оюутны хөгжлийн зээлийн санд яагаад төсөв хөрөнгө олгохгүй байгаа талаар Сангийн яамны мэргэжилтнээс лавлахад “Коронавирусийн улмаас УОК танхимын сургалтыг хориглож, их, дээд сургуулиуд цахимаар хичээл зааж буй. Цахим хичээлийн системийг магадлан итгэмжлээгүй бөгөөд ямар стандартаар, хэрхэн заах журмыг БСШУСЯ хараахан батлаагүй. Тэгэхээр оюутнууд цахим хичээлээр зохих мэдлэгийг авч буй, эсэх нь эргэлзээтэй байгаа. Үүнд хэн хяналт тавьж, шалгах зэрэг тодорхойгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Хараа хяналт сул энэ үеийг далимдуулан зарим сургууль залилан хийж, мөнгө авах магадлалтай учраас Оюутны хөгжлийн зээлийн санд санхүүжилт олгоогүй” гэв.
Бэлтгэсэн:О.Гуа