Архангай аймаг, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт гурван нам, дөрвөн эвслээс болон бие даан 19 хүн нэр дэвшжээ. Тэднээс гурав нь УИХ-ын гишүүн болно. Эрх баригч МАН өмнөх сонгуулиар сонгогдсон, өнөөгийн УИХ-ын гурван гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарыг урьдын адил багаар нь илгээлээ. Архангайгаас гадна Увс, Хөвсгөл аймагт өмнөх сонгуульд оролцсон багаар нь нэр дэвшигчдээ илгээсэн юм билээ. МАН өнгөрсөн дөрвөн жилд эрх барихдаа эвдрэлцсэн, зөрчилдсөн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэхэд л намын дарга У.Хүрэлсүхтэй илт сөргөлдөж, барьцалдаж авахаас наагуур загнаж явсан нэгэн. Энэ ч үүднээс түүнийг нэр дэвшүүлэх, эсэх талаар эргэлзээ байсан нь нууц биш. Харин Ё.Баатарбилэг бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд. Юутай ч МАН-ын дарга өөрийн болон өмнөх Засгийн газарт ажиллаж байсан гишүүдээ баг болж чадна гэж үзэж илгээсэн бололтой. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд тэд хэрхэн ажилласан бэ гэдгийг нь харгалзан Архангайн иргэд сонголтоо хийх биз ээ.
...Нэр дэвшигч Б.Ганцэцэг эрхзүйч мэргэжилтэй, Архангай аймгийн МАХН-ын хорооны дарга аж. Тэрбээр малын эм, бэлдмэл, тоног, хэрэглэл, нарны цахилгаан үүсгүүр, малчдын зурагт, хөлдөөгч гэх мэт бараа, бүтээгдэхүүн худалддаг “Эко малчин”, “Нарны буман гэрэл” компанийн эзэн. Тиймээс ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хятад мотоцикл 28 бий хэмээн дурдсан бололтой. Хөдөөгийн сонгогчид, тэр дундаа малчид түүний нэрийг мэдэхгүй, царайг нь танихгүй байлаа ч компанийнх нь нэрийг андахгүй ээ...
АН нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах хүртэл Н.Батбаяр бус, түүний охин Б.Жаргаланг тус тойрогт өрсөлдөнө гэж ярьж байлаа. Харин эцсийн мөчид Б.Жаргалан Монголын нөлөө бүхий улс төрийн хүчний дэд даргаар томилогдож, аав нь Архангайг зорьсон юм. Магадгүй Б.Жаргаланг нэгдүгээр тойрогт дэвшүүлсэн бол АН-аас Архангайд нэр дэвших гурав шинэ бөгөөд залуу гэх тодотгол зүүх байв. Тухайлбал, Н.Батбаяртай хамт нэр дэвшиж буй П.Мөнхтулга 34, Д.Золжаргал 45 настай. П.Мөнхтулга нь Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү бөгөөд олон улсын эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Эцгийн адил хурдан моринд “нугасгүй”, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хурдан удмын 30 адуутай хэмээн дурджээ. Д.Золжаргал нь УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж буй.
Харин АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Мөнхсайхан энэ удаа төрөлх аймагтаа бие даан нэр дэвшжээ. Тэрбээр “Ремикон” компанийн гүйцэтгэх захирал, “Эрх чөлөө” хөдөлгөөний үүсгэн байгуулагч.
Нэгдүгээр тойрогт дөрвөн хүн бие даан нэр дэвшиж буй. “Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрч байсан юм бэ” хэмээсэн Ч.Улаан сайдын үг зарим нэр дэвшигчийн пиар болж, бие даагч Р.Бадмаанямбуу өөрийгөө “ноолуурын доктор” хэмээн онцолж явна. Гэхдээ энэ нь хий хоосон тодотгол биш бололтой. Ээрмэлийн үйлдвэрийн технологич мэргэжилтэй тэрбээр төгссөнөөсөө хойш 20 гаруй жил монгол ямааны ноолуурыг судалж, докторын зэрэг хамгаалжээ. Энэ хугацаанд 18 аймгийн 80 сумыг төлөөлөх “Монгол ноолуур” өгөгдлийн сан бий болгосны зэрэгцээ “Бүүвэй кашмер” компани байгуулсан, үйлдвэрлэгч аж. Мөн нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун төрсөн нутагтаа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр Улаанбаатар хотын захирагч С.Батболдын багт ажиллаж байсан юм. Түүнчлэн JCI байгууллагын төлөөлөл болсон цөөнгүй хүн өрсөлдөж байгаагийн нэг нь тус аймагт бие даан нэр дэвшигч Б.Ганпүрэв юм.
МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг хоёр бүсгүйн хамт илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн цор ганц бүсгүй, МАХН-ын “нэрийн хуудас” болсон Н.Удвал төрсөн нутагтаа нэр дэвшиж буй нь энэ. Харин нэр дэвшигч Б.Ганцэцэг эрхзүйч мэргэжилтэй, Архангай аймгийн МАХН-ын хорооны дарга аж. Тэрбээр малын эм, бэлдмэл, тоног, хэрэглэл, нарны цахилгаан үүсгүүр, малчдын зурагт, хөлдөөгч гэх мэт бараа, бүтээгдэхүүн худалддаг “Эко малчин”, “Нарны буман гэрэл” компанийн эзэн. Тиймээс ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хятад мотоцикл 28 бий хэмээн дурдсан бололтой. Хөдөөгийн сонгогчид, тэр дундаа малчид түүний нэрийг мэдэхгүй, царайг нь танихгүй байлаа ч компанийнх нь нэрийг андахгүй ээ.
ШИНЭН, Үнэн ба зөв нам, МҮАН, БНН-ын “Шинэ” эвслээс тус тойрогт Д.Ариунжаргал, Л.Дансранбавуу хэмээх хоёр хүн нэр дэвшүүлсэн. Л.Дансранбавуу нь эдийн засагч мэргэжилтэй, “Мандах” их сургуульд багшилдаг юм байна. Д.Ариунжаргал нь мэс заслын эмч мэргэжилтэй. Аймагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаад хожим нь Хөдөлмөрийн институтийн захирал, ИНЕГ-т ерөнхий менежер болсон намтартай нэгэн аж.
Эмч мэргэжилтэй нэр дэвшигч ХҮН, МСДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвслээс Архангайд илгээсэн багт ч бий. Тус эвслээс нэр дэвшүүлсэн хоёр хүний нэг Р.Жаргалмаа нь 2009 оноос НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлөн цөөнгүй улсад зөвлөх, менежер, мэргэжилтнээр ажиллаж иржээ. Тэрбээр улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Сандуйжавтай баг болон өрсөлдөж буй. Гэвч хөрөнгө, орлогын мэдүүлгээс өөр түүнтэй холбоотой мэдээлэл олдсонгүй. Мөн Монгол консерватив нам, Монголын хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч Д.Сосорбарам, Зон олны намын нэр дэвшигч Х.Дэмидбалданням нарыг тодорхойлох мэдээлэл бараг алга.
Бэлтгэсэн:У.Наран