Мэдээллийн технологийн инженерээр ажилладаг Э.Энхбаяр БНСУ-ын томоохон компаниас ажлын санал хүлээн авсан боловч зарим шалгуурыг нь хангаж чадаагүйгээс татгалзсан хариу сонсжээ. Уг нь тэрбээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, контент хөгжүүлэх байсан ч бүтээлийн агуулга, чиглэлийг нь боловсруулах социологийн судалгааны арга зүй эзэмшээгүй учраас хасагдсан байна. Энэ талаараа “Монголд салбар дундын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байдаггүй. Салбар дундын мэргэжилтэн болох нь ийм чухал гэдгийг мэдсэн бол их сургуульд орохдоо л хос мэргэжил сонгох байсан юм. Амьдралдаа томоохон алхам хийж, өндөр хөгжилтэй оронд ажиллах мөрөөдөл минь салбар дундын мэргэжилтэн биш гэсэн шалтгаанаар нуран уналаа. Мэдээллийн технологийн инженерийн хийх ёстой контентын агуулга нийгмээс хараат бус байна гэж үгүй. Гэтэл социологийн судалгааны хичээл манай мэргэжлийн хөтөлбөрт байгаагүй. Мөрөөдлийнхөө ажилд орохын тулд социологи судлалаар дахин сурахаас өөр аргагүй боллоо. Дэлхий дахинаа дээд боловсрол эзэмшиж буй залуусын 20 хувь нь ажлын байрнаасаа туршлага хуримтлуулж, сайн мэргэжилтэн болдог гэсэн судалгаа бий. Гэтэл би ид хийж бүтээх, туршлага хуримтлуулах ёстой гурван жилээ мэргэжлээрээ ажиллахын тулд дахин суралцаж өнгөрөөх болчихоод байна. Хэрэв намайг их сургуульд орох үед л хос болон салбар дундын мэргэжилтэн болохын тулд ямар хичээл үзэх, нэмэлтээр аль тэнхимийн хөтөлбөр сонгох талаар мэдээлэл өгсөн бол би оюутан байх дөрвөн жилдээ социологийн мэдлэг эзэмшчих байлаа. Харамсалтай нь, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахын тулд амьдралынхаа долоон жилийг их сургуульд сурч өнгөрөөх нь” гэсэн юм.
Салбар дундын мэргэжлийн уялдаа холбоо алдагдсан жишээ ганц үүгээр дуусахгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй нэгэн танил минь “Анагаах ухааны анхан шатны мэдлэг их сургуулиасаа олж аваагүй учир ажил хийхэд бэрхшээл тулгарч байна. Өвчтөнүүдийг төхөөрөмжид хэвтүүлж, суулгахад шархыг нь хөндөж, сэдрээхгүйн тулд зарим эд, ангид нь нэмэлт тоноглол хийх хэрэгтэй болдог. Гэвч би оёдол, шархны талаар ямар ч мэдлэггүй. Мөн тоног төхөөрөмжийг монгол хүний биеийн онцлогт тохируулан засаж, шинэчлэхэд анагаахын жаахан ч болов мэдлэг хэрэгтэй юм байна” гэв. Манай улсад салбар дундын мэргэжилтэн ус, агаар мэт үгүйлэгдэх болсныг залуус өөрт тохиолдсон жишээгээр ийн ярилаа.
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс ЮНЕСКО-гийн захиалгаар 2016 онд гаргасан, Боловсролын хяналт, шинжилгээний дэлхийн тайланд “Дийлэнх боловсролын тогтолцоо нь зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангасан мэргэжилтэн бэлтгэж чаддаггүй. Дэлхий дахинаа жилд дунджаар зах зээлийн шаардлага хангахуйц дээд боловсролтой 40 орчим сая салбар дундын мэргэжилтэн бэлтгэж байгаа нь дунд түвшинд бэлтгэгдэж буй 95 сая гаруй ажилтантай харьцуулахад хэт цөөн” гэжээ. Манай улс салбар дундын мэргэжилтэн хэрхэн бэлтгэж буй талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Батсэлэм “Салбар дундын мэргэжилтэн хэрхэн бэлтгэх талаар судалгаа хийж байна. Одоогоор энэ чиглэлийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Дэлхий нийтэд салбар дундын 40 гаруй сая мэргэжилтэн жилд бэлтгэж байхад манай улсад нэг ч алга. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагынхан нь ийм ядмаг тайлбар хэлж буй.
Олон улсын хэмжээнд баримталдаг тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд салбар дагнасан боловсон хүчин хангалтгүй гэж дэлхийн цөөнгүй орон үзжээ. “Тогтвортой хөгжлийн зорилтууд нь өргөн хүрээг хамрах учир салбар дундын мэргэжилтэн зайлшгүй шаарддаг. Тиймээс улс орнуудын Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг нь хариуцсан салбарынхаа хүрээнд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэж дээрх тайланд дурдсан байна. Гэвч манай улсын бодлого боловсруулагчид үүргээ биелүүлэлгүй өдий хүрчээ. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх төрийн бодлого Монголд байхгүй нь үүнийг батлах биз.
Салбар дундын мэргэжилтэн бэлтгэхийн тулд зөвлөх ажилтнууд нэн чухал. Тиймээс ХНХЯ, БСШУСЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийнхөн, МУИС хамтран ажил, мэргэжлийн зөвлөх ажилтныг 2017-2018 оны хичээлийн жилээс бэлтгэж эхэлжээ. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын улс төр судлал, боловсрол, сэтгэл судлал, социологи, нийгмийн ажлын тэнхим хамтран салбар дундын ажил, мэргэжлийн зөвлөх магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн гэсэн үг. Үүнийг улсын хэмжээнд салбар дундын мэргэжилтэн бэлтгэж эхлэх суурь гэж албаныхан үзэж буй. Эл мэргэжлээр төгсөгчид хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн, олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудад хүний нөөцийн менежментээр ажиллах боломжтой. Мөн хэрхэн салбар дундын мэргэжилтэн болох талаар залуу үеийнхэнд зөвлөх аж. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнд Япон, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Британи, АНУ-ын улс төр, сэтгэл судлал, социологи, нийгмийн чиглэлийн эрдэмтэд багтжээ. Залуу үеийнхэнд салбар дундын мэргэжлийг хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөх боловсон хүчнийг бэлтгэж буй тус хөтөлбөрийн ахлах багш Д.Бумдарь “Дэлхий нийтийн ажил мэргэжлийн талбарт салбар дундын болон хос мэргэжилтэн нэн шаардлагатай байна. Зах зээлд эрэлт их байгаа учир салбар дундын болон нарийн мэргэжилтнийг дэлхийн олон орон бэлдэж эхэллээ.
Манай улс үүнээс хоцорч болохгүй. Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэж буй нь салбар дундын мэргэжилтэн бий болгохоор Монголд хэрэгжүүлж буй цорын ганц хөтөлбөр. Өдгөө уг мэргэжлээр 49 хүн магистрын зэрэг хамгаалсан. Тэд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхан болон хөдөлмөр эрхэлж буй залуучуудад энэ чиглэлийн зөвлөгөө өгөх юм. Уг нь манай улс салбар дундын мэргэжилтэн бэлтгэх бүрэн боломжтой. Ихэнх их, дээд сургууль либерал арт буюу чөлөөт сургалтын системтэй. Оюутнууд найман чиглэл бүхий 36 кредит цагийн үндсэн хичээлийг өөрсдөө сонгож үздэг. Үүнээс гадна мэргэжлийн болон чөлөөт сонголттой хичээлүүд үздэг юм. Хэрэв хос болон салбар дундын мэргэжилтэн болохоор шийдсэн бол ерөнхий суурь, чөлөөт сонголтын хичээлээ өөр тэнхимд үзэж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй оюутан төрийн захиргааны эрх зүйгээр мэргэшихийн тулд хуулийн сургуулийн үндсэн болон чөлөөт сонголтын хичээлийг үзэж болно гэсэн үг. Харамсалтай нь, оюутнууд хос болон салбар дундын мэргэжил гэж юу байдгийг мэдэхгүйгээс ач холбогдолгүй олон хичээл үзэж, цаг хугацаа алддаг. Хэрэв энэ чиглэлийн зөвлөх мэргэжилтэнтэй бол оюутнууд I дамжаанаасаа л хос хөтөлбөр сонгож суралцах боломжтой. Тиймээс оюутнуудыг мэдлэг, мэдээллээр хангах боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Үүнээс гадна ажлын байрны мэдээлэл дутмаг учир оюутнууд салбар дундын мэргэжилтэн болж чаддаггүй. Бэлтгэгдсэн хойноо аль салбарт, ямар чиглэлээр ажиллах нь бүрхэг учир залуу үеийнхэн салбар дундын мэргэжилтэн болох гэж хичээдэггүй” гэв.
Хүн амын хурдацтай өсөлт, техникийн үсрэнгүй хөгжлөөр түүчээлсэн өнөө үед зарим ажил, мэргэжлийн эрэлт буурч байхад өөр бусад нь шинээр нэмэгддэг. Салбар дундын уялдаа холбоо улам нарийссанаар биохими, биофизикийн салбар үүсэж, шинэ мэргэжил бий болсон гэж үздэг юм билээ. Үүнтэй адил цаашид бий болох шинэ мэргэжлүүдээр чанартай боловсон хүчин бэлтгэхэд холбогдох байгууллагууд анхаарах цаг болжээ.