2020.06.02. 07.00 цаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Өглөө шивэрч, ширүүсэх төлөвтэй байсан бороо тус хүрээлэнд очиход ариллаа. Тэнгэр цэлмэж, хүүхэд багачууд шуугилдан, хөгшид дасгал хийж, залуус гүйгээд хүн бүхэн дор бүрнээ тун завгүй. Дасгал, хөдөлгөөн хийх нь “Ковид-19”-ийн үхлийн гол шалтгаан болж буй амьсгалын замын хүндрэлийг бууруулах талтай гэж АНУ-ын Виржини мужийн Анагаахын их сургуулийн доктор Зен Ян судалгаандаа дурдсан байна. Гэхдээ хүмүүс дасгал хийхдээ хоорондоо зай барьж, ганцаараа гүйхийг уриалсан. Тиймээс иргэд бөөгнөрч цуглахаас зайлсхийж “Дүнжингарав” худалдааны төв, Яармаг, Нисэх, зуслангийн замд гүйх нь нэмэгдсэн аж. Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирсэн хүмүүсийн олонх нь амны хаалт зүүж, аюулгүй байдлаа хангажээ.
Телевизийн удирдлага барьчихаад, гэртээ буйдан дээрээ налайж, “Гүйж яваа тамирчныг хурдлаач, арчаагүй юм” гэж харааж суудаг лагс биетнүүдийн үе хэдийн ард хоцорчээ. Нэг үеэ бодвол нийслэлчүүд олноороо гүйдэг болсныг эртэч хүмүүс андахгүй. Биднийг амарч байхад, үүрээр гүйдэг хүн олон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05.00 цагийн үед цөөнгүй иргэн дасгал хийж байдаг гэнэ. Орчин цагийн залуус гэр, ажлынхаа ойролцоох зам, фитнес төв, зориулалтын талбай гээд аль боломжтой орчиндоо алхаж, гүйж, унадаг дугуйгаар зорчихыг илүүд үздэг болсон. Хэдхэн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цөөн хэдэн тамирчин гүйдэг байсан бол сүүлийн үед хүмүүс олширч, ялангуяа амралтын өдрүүдэд гүйхэд хүндрэлтэй болсныг туршлагатай иргэд хэлнэ лээ. Энэ нь манай иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсны жишээ. Нөгөөтээгүүр гүйлт залуусын дунд моод болсонтой холбоотой. Гүйдэг залуучууд эрч хүчтэй, сайхан харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хоёр удаа тойрчихоод амарч зогссон Э.Мягмарханд “Би нэг сарын хугацаанд өдөр бүр гүйж байна. Өмнө нь жилд 1-2 удаа л гүйдэг байв. Оройтож амардаг учир өглөө эрт босож чаддаггүй байлаа. Тэгээд ажлын бүтээмжээ дээшлүүлэх зорилгоор гүйж эхэлсэн. Одоо төлөвлөсөн ажлаа өдөртөө амжуулдаг. Гурван сар орчим тууштай гүйхэд хэвшил болчих байх. Өдөрт ухаалаг цагныхаа “тушаалаар” 30 минут дасгал хийдэг. Өглөө амжихгүй бол өдөр, эсвэл оройн цагаар дасгал хийнэ. Өнөөдөр таван км орчим гүйлээ. 05.30 цагт босоод өглөө, өдрийн хоолоо бэлдээд энд ирсэн” гэв.
Бидний уулзсан дараагийн хүн бол тамирчин Х.Галхүү. Тэрбээр чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэдэг байжээ. Өглөө бүр гурван км гүйдэг гэсэн. Амьсгалаа хамраараа авч, гаргах, нэг хэмнэлтэй гүйх, анхаарлаа төвлөрүүлэх нь гүйлтийн гол техник гэдгийг тэрбээр онцолсон. Хэтэрхий хурдтай гүйснээр зүрхэнд ачаалал өгдөг.
Ач охиноо дагуулсан 72 настай О.Баярсайхан гуай тус хүрээлэнгийн 1.5 км замыг өдөртөө нэг удаа тойрч алхдаг юм билээ.
“Алхаж, гүйгээд байхаар өвчин намдаж, сэтгэл тайвшран, бие хөнгөрч, жин хаяж сайхан болдог. Би 61 нас хүрч буй ч дасгал хөдөлгөөн хийж, гүйснээс хойш бие өвдөх нь гайгүй болсон. Гэртээ суухаар хамаг бие хөндүүрлэж, өвчин ороогоод байх юм. Сүүлийн хэдэн жил хүүхэд, залуучууд маш идэвхтэй гүйдэг болжээ. Тэдэнд тоглох, гүйх талбай хэрэгтэй байна. Багаас нь биеийн тамираар хичээллүүлэх нь маш чухал. Би эмч мэргэжилтэй болохоор жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг хараад сэтгэл зовниж явдаг юм. Хүүхдээ буруу хооллож, хийжүүлсэн ундаа уулгахаа болиосой” хэмээн Л.Авирмэд гуай ярив. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бие засах газрууд цоожтой байгааг шүүмжилсэн. Өглөө хоёр аяга ус уугаад гэрээсээ гардаг учир ариун цэврийн өрөө орох шаардлагатай болдог гэнэ. Тиймээс гэр лүүгээ яарч буцдагаа учирласан. Тэгэхээр иргэд олноор биеийн тамираар хичээллэж буй энэ газрын ариун цэврийн байгууламжийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай санагдав.
Багшийнхаа заавраар гүйж, хөлөө өндөрт өргөн дасгал хийж буй багачуудтай таарав. Тэд Монголын үндэсний их сургуулийн дэргэдэх таеквондо, каратэгийн дугуйлангийнхан. Дугуйланд 300 гаруй хүүхэд хичээллэдэг бөгөөд 5-12 насны хэдэн хүү цугларчээ. Тэд 06.00 цагт босож, багшийнхаа хамтаар гүйж, дасгал хийдэг юм байна. Өдөр бүр гурван км замыг амрахгүйгээр туулдаг гэнэ. Эхний хэдэн өдөр хүүхдүүд ядраад чадахгүй байсан бол одоо нэгнээсээ үлгэрлэж, бүгд сайн гүйдэг болжээ. Хүүхдүүдийн багш, таеквондогийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт Б.Отгонбаяр “Нэгнийгээ ялах гэхээсээ илүүтэй зогсохгүйгээр барианд орох нь хамгийн чухал. Өрөөлийг бус, өөрийгөө ялах гэж хүмүүс гүйдэг” гэж хэлэв.
“Гүйхээр биеийн чилээ гардаг. Эхлээд бахардаж ядардаг байсан. Өлмий дээрээ гүйхээр ядардаггүй гэдгийг ойлгосон. Өмнө нь өсгийгөө чанга дарж буруу гүйдэг байжээ” хэмээн хэвлүүхэн ярих хүүг М.Энхжин гэдэг. Хэн нь хамгийн хурдан гүйдэг вэ гэж асуухад хүүхдүүд бүгд улбар шар хүрэмтэй, хар өнгийн амны хаалт зүүсэн хүүг заав. Тэрбээр “Би” хэмээн гараа өргөх нь тун өхөөрдөм. Түүнийг С.Галбадрах гэдэг бөгөөд таван настайгаасаа гүйж эхэлжээ.
Хамгийн балчир тамирчин, таван настай М.Ананд “Өглөө эрт гүйхэд хамгийн гоё” гэлээ.
08.00 цагт тэнд цугларсан хүмүүсийн олонх нь гэр, ажил руугаа явж, хөл хөдөлгөөн багасдаг юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ахмад буурлаас балчир үрс хүртэл гүйж, дасгал хөдөлгөөн, бэлтгэл сургуулилалт хийж байсан бол цахим ертөнцөд хүмүүс нэгдэн эрүүл мэнддээ анхаарч буй. “Хамтдаа алхаж, гүйцгээе” нэртэй фэйсбүүк бүлгэм (групп)-д дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 1300 гаруй хүн нэгдэн, гүйж, алхаж буй бичлэгээ байршуулан нэгэндээ урам өгч, мэдээллээ солилцдог аж. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан дэлхийн монголчуудын таван км-ын цахим гүйлтийн тэмцээнд тус бүлгэмийн гишүүд идэвхтэй оролцжээ. Энэ талаар уг группийг үүсгэн байгуулсан Л.Иратай холбогдоход “Цар тахлын үед хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа сэтгэл санааг дэмжих, эрүүл мэндэд нь анхаарч, амьдралын зөв хэвшилтэй болгоход уриалж цахим тэмцээн зохион байгууллаа. Цуглаж гүйхгүйгээр байгаа газраа боломжтой цагтаа оролцсон юм. 16 орны 56 багийн 431 хүн оролцсон уг цахим тэмцээнийг тусгай аппликэйшний тусламжтайгаар шүүсэн” гэв.
Хүмүүс илүүдэл жингээ хасах, бухимдлаа тайлах, бодлоо цэгцлэх, өвчин, зовлонгоо мартах, сэтгэл гутралаас салах зэрэг шалтгаанаар гүйдэг. Ингэхдээ хамгийн гол нь зорилгоо тодорхойлох хэрэгтэйг “I run” гүйлтийн клуб, Уулын жимийн гүйлтийн холбооны тэргүүн ОУХМ Д.Ганбат хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Д.ГАНБАТ: ЭХЛЭН ГҮЙГЧДИЙН 80 ХУВЬ НЬ БЭРТДЭГ
-Анх удаа гүйж эхлэх хүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зорилгоо тодорхойлсны дараа аажмаар эхэл. Биеэ сайн дасгаж зөв техниктэй гүйж сурах нь чухал. Эхлэн гүйгчдийн гаргадаг түгээмэл алдаа нь нэг дор урт зам туулах. Үүнээс болж шөрмөс, өрц татах, шилбэний яс янгинах, нуруу, хөлийн ул, тавхай өвдөх, өвдөг, түнхээр хатгах нь элбэг. Ялангуяа биеийн жин ихтэй бол алхалт, гүйлтийг хослуулаарай. Эхэндээ 30 минут зогсолтгүй гүйгээд сурчихвал сайн. Яваандаа гүйх хугацаа, эсвэл зайгаа ихэсгэж, алхахаа багасгах хэрэгтэй. 5-10 минут, эсвэл 1-2 км алхаж, шогшиж биеэ сайн халаасны дараа биeийн тeмпeратур, зүрхний цохилт өгсөөд ирэхээр нь зөөлөн гүйж эхэлнэ. Динамик стреч буюу хөдөлгөөнтэй сунгалтын дасгалуудыг зөөлөн хийж болно. Хүйтэн булчин дээр сунгалтын хүчтэй дасгал хийх нь буруу. Харин гүйж дууссаны дараа 5-10 минут зөөлөн шогшиж дараа нь алхаж, зүрхний цохилтоо аажим буулгаж, биеэ хөргөн, булчингаа суллаж сурах нь чухал.
Гүйж дууссаны дараа сунгалтын дасгалуудыг хийж хэвшвэл сайн. Анх гүйж эхлэх хэцүү. Гэхдээ энэ үеийг шантралгүй даваад гарчихвал аажимдаа ахиц гарч, өөрийгөө ялан дийлж, бахархаж, урам зориг орж бүр насан туршийн амьдралын хэв маягаа болгох нь бий. Мөн төлөвлөгөө зохиож хуваарийн дагуу гүйх хэрэгтэй. Зөвлөгч, дасгалжуулагчгүй ганцаараа гүйдэг хүмүүс гэмтэх нь элбэг. Гүйх нь хамгийн энгийн хөдөлгөөн боловч эхлэн гүйгчдийн 80 хувь нь бэртдэг. Гол шалтгаан нь сайн амарч булчингаа сэргээхгүй ачааллаа ихдүүлэх, буруу тeхник, мөн зориулалтын бус пүүзтэй гүйснээс болдог юм. Долоо хоногт 3-5 удаа гүйх нь тохиромжтой. Амрахгүйгээр өдөр бүр гүйх нь буруу. 1-2 долоо хоног бүр гүйх зайгаа бага багаар ахиулах хэрэгтэй. Гэхдээ 10 хувиас хэтрүүлж болохгүй. Жишээлбэл, энэ долоо хоногт нийт 20 км гүйсэн бол дараагийнхад нь 22 байхад хангалттай. Хүн дагаж хэт хурдан гүйх хэрэггүй. Өөрт таарсан хэмнэлээр зөв техниктэй, тогтмол гүйж сууриа зөв сайн тавих нь чухал. Ер нь долоо хоногт 3-4 удаа буюу өнжөөд гүйхдээ нэг цагаас илүүгүй байх нь биеийн жин, дотоод шүүрлийн тогтолцооны тэнцвэрийг хадгалах, стресс тайлах, хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг олон өвчнөөс урдчилан сэргийлэхэд тустай.
-Холын зайд гүйхдээ ямар хувцас, пүүз сонгох хэрэгтэй бол?
-Гүйлт бусад спортыг бодвол харьцангуй зардал багатай. Хөлд таарсан, эвтэйхэн пүүз маш чухал. Үнэтэй болгон сайн биш. Гоё харагдсан пүүзээ авах ч бас буруу. Гүйхээр хүний хөл хөөдөг тул нэг размер томыг сонгоорой. Мөн цэвэр даавуу гэж буруу ярьж хэвшсэн, cotton буюу хөвөн даавуун футболк, өмд цамц, оймс өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Норохоороо хатдаггүй тул биед наалдаж, холгож, үрдэг. Синтетик буюу нийлэг материалтай зориулалтын хувцас худалдаж аваарай. Гүйгээд ирэхээр биeийн дотор дулаан нэмэгддэг учраас хэт зузаалах хэрэггүй. Гүйх үед хөлсөөрөө кали, магни, натри зэрэг эрдсээ алддаг. Гүйсний дараа шингэн зүйл бага багаар шимж уух нь чухал.
-Гэрийнхээ ойролцоо болон зориулалтын зам талбайд гүйхийн ялгаа юу вэ?
-Зориулалтын тартан, асфальтан зам, ууланд гүйх зэрэг нь онцлог ялгаатай. Цэнгэлдэх хүрээлэнгийн тойрог тартан бол цохилтыг шингээдэг, доргилт багатай, гүйлтийн зориулалтын зам. Харамсалтай нь манайд хүртээмжтэй биш. Асфальтан замаар олон км, ялангуяа хурдан гүйх нь цохилтын хүч ихтэй байдаг учир өвдөг өвдөх, ер нь үе мөчний холбоосуудад халтай. Улаанбаатар хотод явган хүний зориулалтын зам тэгш бус гадаргуутай, ихэвчлэн тоосгоор өрсөн байдаг тул эвгүй гишгэж шагайгаа гэмтээх тохиолдол их. Уулын жим, тал, шороон зам, зүлэгтэй газар гүйх нь үе мөч, холбоос эдүүдэд доргилт багатайгаас гадна байгальдаа ойр сэтгэл ханамжтай сайхан байдаг. Нэмж хэлэхэд, “Ковид-19” цар тахлын үеэр олноор цуглаж гүйлгүй, болж өгвөл уул тал, хүнгүй газарт ганцаараа, эсвэл гэрийн ойр орчимдоо өглөө эрт гүйж байхыг зөвлөе.