Өнөө цагт хүмүүсийн сонирхлыг нэлээд татдаг, тэгсэн хэрнээ яв цав хариулт тэр бүрm таардаггүй нэг асуудлаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Дашнямын Золбоотой ярилцлаа. Яв цав хариулт таардаггүй асуудал гээд байгаа нь хоригийн тухай юм.
-Хоёулаа ярилцлагаа энэ сэдвийн түүхээс нь эхэлбэл зүгээр байх. Олон улсын харилцаанд “хориг тавих” гээч үйлдэл хэдийнээс эхтэй юм бол. Ямар улс, юуны улмаас ямар улсад анх хориг тавьсан байдаг вэ?
-Энэ хэллэг, нэр томьёо, ойлголтыг олон улсын харилцааны түвшинд хэдийгээр түлхүү хэрэглэдэг боловч цаад учир шалтгаан нь нийгмийн харилцааны шинж чанартай. Нийгмийн тодорхой хүрээлэлд хэн нэг эрх мэдэл, хүч чадалтай нь бусдадаа өөрийн санаа бодлыг тулгах, хэрэгжүүлэх гэсэнтэй утга нэг гэж ойлгож болно. Хууль эрх зүйн орчинд анх түлхүү хэрэглэж байсан хэмээн бичдэг. Олон улсын харилцаанд бол ямарваа нэгэн асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл, хүч чадалтай байгууллага юм уу, улс орны удирдлагаас дангаараа болон хамтран гаргаж хэрэгжүүлж байх шиг байна. Гадаад, тэр тусмаа англи хэлний хэд хэдэн ойлголтыг монгол хэлээр нэг томьёоллоор хэрэглээд байгаа нь эргэлзээ төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн болон олон улсын харилцааны ойлголтыг нэг үгээр тайлбарлах нь буруу. Олон улсын хориг арга хэмжээ гэдгийг сурах бичиг, нэвтэрхий тольд аливаа нэгэн улс орон, зэвсэглэл буюу олон улсын байгууллагын зүгээс үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, олон улсын хууль эрх зүй буюу олон улсын түвшинд энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа улс орон юм уу, байгууллагын эсрэг авч хэрэгжүүлж буй дипломат, тайван арга хэмжээний нэг хэлбэр гэж тайлбарлажээ. Улс төр, олон улсын харилцааны талаарх сурах бичгүүдэд анхны хориг арга хэмжээг Наполеоны засаглалын үед Британийн эсрэг 1806 онд хэрэгжүүлсэн гэж бичсэн байдаг. Түүнээс хойш НҮБ-ын зүгээс албан ёсоор хэрэгжүүлсэн хориг гэвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нь холбогдуулан 1961 онд Өмнөд Африкийн болон Зимбабвегийн эсрэг авчээ. Харин нэг улс дангаараа зарлаад өнөөг хүртэл үргэлжилж байгаа хориг бол 1958 оноос эхлэлтэй Кубын эсрэг Америкийн авсан арга хэмжээ юм. Хэдийгээр НҮБ-ын гишүүн улс орнуудын зүгээс үүнийг буруутгаж, цуцлахыг шаардсаар буй ч үргэлжилсээр байна.
-Ер нь хориг тавихыг зохицуулдаг эрх зүйн ямар нэг баримт бичиг хаа нэгтэйгээс гаргасан шийдвэр байдаг уу?
-Бидний сайн мэдэж байгаагаар олон улсын харилцааны түвшинд “хориг” гээч юм гарч ирсэн цаг хугацаа бол ХХ зууны хүн төрөлхтний хамгийн гашуун түүх болсон II дайны дараа байгуулсан НҮБ-ын үүсэл хөгжилтэй холбоотой гэж үздэг. НҮБ байгуулагдсан цагаасаа буюу 1946 оноос анхны хоригийн асуудлыг хэлэлцэж байжээ. Тус байгууллагын дүрмийн 41 дүгээр бүлэгт хориг арга хэмжээг хэн, хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой дурдсан. Харамсалтай нь, бидний мэдэж буйгаар амьдралд бүрэн хэрэгжүүлж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Хориг арга хэмжээг онолын хувьд эдийн засгийн, дипломат, цэрэг зэвсгийн, спортын үйл ажиллагааны, хүрээлэн буй орчны гэх зэргээр ангилдаг. Амьдрал баян учраас өөр хоорондоо ялгаатай ойлголт их бий. Тухайлбал, эдийн засгийн хориг арга хэмжээ бол худалдааны хориг арга хэмжээнээс илүү өргөн ойлголт. Дээр дурдсан Кубын эсрэг хоригийг НҮБ-ын гишүүн ихэнх улс, олон улсын хүний эрхийн байгууллагаас буруутгадаг ч үр дүн гараагүй. Өнөөгийн улс төрийн гадаад харилцаанд голлох үүрэг гүйцэтгэх хэмжээнд очсон гэж үзэж болох Европын Холбооны шийдвэр ч томоохон үүрэг гүйцэтгэх болсон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, манайхны өдөр тутам сонсох болсон олон нийтийн дунд “хар жагсаалт” гэж нэрлэсэн арга хэмжээг хоригийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Өөр хоорондоо нарийн ялгаатай үйл явц, арга хэмжээг бид хэрэглэхдээ тэр тусмаа монголоор нэрлэхдээ ерөнхий нэршлийг л ашиглаад байгаагийн үр дүн.
-Та хоригийг хэд хэд ангилдгийн дотор спортын үйл ажиллагааных гэж байдаг гэлээ. 1980 оны Москвагийн олимпод оролцохгүй байхыг Ерөнхийлөгч Жеймс Картер уриалж, Америк тэргүүтэй хэсэг улс түүнд нь нэгдсэн. Энэ үйлдлийг “бойкот” гэж нэрлээд байгаа. Тэгэхээр бойкот нь хоригийн нэг хэлбэр үү?
-Мөн. Үргэлжлэх хугацаа, үлдээх ул мөр нь л өөр түвшинд юм. Эсэргүүцлээ тайван замаар илэрхийлэх нэг хэлбэр. Сонирхуулж хэлэхэд, бойкот гэдэг үгийг түүхэн бодит, англи хүний нэрээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр нийгмийн амьдралын янз бүрийн түвшинд гарч буй эсэргүүцлийн хэлбэрийг ийн нэрлэдэг болсон.
-Анзаарч байхад хоригийг ихэвчлэн АНУ л тавиад байх юм. Крымийг Орост нэгтгэснээс ОХУ-д хориг тавьсан. Гэтэл Оросын харьяанд орохыг Крымийн оршин суугчдын саналаар шийдсэн гэдэг шүү дээ.
-Өнөөгийн нөхцөл байдалд бол тэгж харагдаж байж магадгүй. Дэлхийн II дайны дараагаар олж авсан эрх мэдэл, хүч чадал, мөн хүйтэн дайны төгсгөлд дэлхийн улс төр, эдийн засагт үнэмлэхүй буюу өрсөлдөгчгүй тэргүүлэх болсон АНУ өнөөдөр олон улсын харилцаанд хоригийг хамгийн их тавьж, хэрэгжүүлэх боломжтой болсон байх. Таны асуугаад байгаагийн хувьд энэ талын судалгаа хийдэггүй учраас хэлж мэдэхгүй нь. Гэхдээ хэзээд байдаг нэг үнэн бол аливаа мэдээллийг зөвхөн нэг эх сурвалжаас бус, олон талаас нь харьцуулж үзэх хэрэгтэй. Таны асуултын тухайд тухайн шийдвэрийг гаргахад гадаад, дотоодын ямар хүчин зүйлс байсан гэхчлэн олон зүйлийг ярьж болох байх. Хэрвээ иймэрхүү асуудлыг зөвхөн иргэдийнх нь саналаар шийддэг болно гэвэл өнөөгийн улс төрийн тогтолцоонд таамаглахын аргагүй нөхцөл байдал үүснэ гэдэг болгоомжлол бий. Тиймэрхүү байдлаар шийддэг практик тогтвол дахиад хэдэн зуун улс бий болох, салан тусгаарлах үзэл, үйл ажиллагаа ямар хэмжээнд хүрэхийг таашгүй.
-Америк өөрөө эхэлж агаарын цохилт өгчихсөн хэрнээ хариуд нь хэдэн баллистик пуужин харвасны төлөө Иранд тавих хоригоо чангатгана гээд байсан. Америкийн ганц ч цэрэг амь үрэгдээгүй гээд байгаа мөртлөө ингэж заналхийлээд байх юм. Ингэж зоргоороо авирлах эрхийг хэн, хаанаас Америкт олгосон юм бэ?
-Энэ бол энгийн нэг жишээ болоод байна. Яг албан ёсоор бол НҮБ-ын гишүүн 200 гаруй улс тэр дундаа Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улс хоорондоо ялгарах зүйлгүй л дээ. Амьдрал дээр бол мөнгө төлсөн нь дуугаа захиалдаг гэсэн дүрмийг л баримтлаад байх шиг. Том, жижиг аль ч орны улс төрийн шийдвэрт нөлөөлж байгаа лобби бүлэг гэх ойлголт бий. Иран бүс нутгаа айдаст автуулах нь хөрш орнууд тэр дундаа Израилд лав таалагдахгүй. АНУ-ын гаргаж байгаа шийдвэр бүс нутгийн аюулгүй байдалд гэхээсээ илүүтэй өөрийн түнш, хамтрагчаа хамгаалах сэдэл, ашиг сонирхолтой салшгүй холбоотой. Тиймээс л тэдэнд үйлчилдэг лобби бүлэглэл идэвхтэй ажиллаад байна. Таны асуултын хувьд хэн ч ийм эрхийг тусгайлан өгөөгүй ч өнөөгийн нөхцөл тэдэнд ийм бололцоо олгоод байна.
Ер нь түүхийн аль ч цаг үед шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа их гүрэнд зөвхөн өөрийн гэлтгүйгээр дэлхийн бусад бүс нутаг дахь асуудалд анхаарал хандуулах гадаад бодлого хэрэгжүүлэх болсон. Миний лавтай мэдэхээр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаар жишээ авч болно. Британийн Олон улсын хөгжлийн газраас гаргасан Олон улсын зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх талаарх Британийн эрх зүйн зохицуулалт гэж нэрлэж болох баримт бичиг бий. Хэрвээ иймэрхүү байдлаар анхаарал хандуулж, тусалж дэмжих, нөгөө утгаараа дотоод хэрэгт нь оролцохгүй л бол эргээд өөрсдөд нь хүндрэл бий болдог. Хамгийн ойрхны жишээ нь, Европын Холбоонд нүүрлэсэн дүрвэгсдийн хямрал, Британид тулгарсан цагаач, шилжин суурьшигчдын асуудал гэх мэтийг нэрлэх байна. “Жижиг хүүхдийн асуудал жижиг, том хүүхдийн асуудал том” гэдэг шиг их гүрнүүдийн зүгээс санаа зовох, оролцох асуудал өөр л дөө. Гэхдээ их гүрнүүдийн хийсэн бүхэн зөв, бусдынх буруу байж таарахгүй. Өнөөгийн дэлхий ертөнцийн халуун цэгүүдэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлтэй олон асуудал үүний баталгаа.
-Америктай тогтоосон дипломат харилцаагаа Иран 1980 онд тасалснаас хойш Америкаас үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтад орсон. Сүүлийн үед Иранаас нефть худалдан авсан улс бүрт АНУ хориг тавих болсон. Үүнээс үүдэн Иран нефтиэс олсон орлогоосоо эрүүл мэндийн салбараа өөд татах боломж нь багассан. Цар тахлын өнөө үед энэ нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй нь ойлгомжтой. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф Америкийн хоригийг эрүүл мэндийн эсрэг терроризм гэж мэдэгдлээ.
-Ямар ч асуудал хоёр талтай. Эрх мэдлийг хөрөнгө чинээ тодорхойлдгийн нэг жишээ юм даа. Нэг улсын ашиг сонирхол нөгөө улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бололцоог олгож байна гэж тайлбарлах нь бий. Энэ талаасаа сайдын мэдэгдлийг шууд үгүйсгэх боломжгүй. Таны хөндсөнтэй адилхан жишээ гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дахь Тайванийн гишүүнчлэлийн асуудал байж болох юм. Хэдийгээр “Нэг Хятад” бодлогын хувьд Тайвань ДЭМБ-д тусдаа албан ёсны гишүүн нь байж болохгүй гэж үзэж болох ч дэлхийн бусад улсын адил эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхээ хасуулж байна гэх шүүмжлэл гаргасаар ирлээ. Гол шалтгаан нь улс төрийн ашиг сонирхол гэж хэлж болно биз дээ.
-Орос, Германы хооронд хэрэгжүүлж байсан байгалийн хийн төсөлд АНУ хориг тавьсан. Гэтэл Оросоос авах хийг нэмэгдүүлэх сонирхол Германд байсан. Мөн Оросоос Европт байгалийн хий экспортлох үйл ажиллагаанд ч АНУ хориг тавьсан. Венесуэлийн газрын тосны хамгийн том импортлогч “Роснефть”-ийн эсрэг бас хориг тавьснаас тус улсын экспорт буурсан. Экспорт буурна гэдэг чинь орлого багасана гэсэн үг. Тухайн улсын орлого багассанаар ард түмнийх нь амьдралд ямар нөлөө үзүүлэхийг хэн ч гадарлана даа.
-Тэгэлгүй яах вэ, аливаа асуудал эцсийн дүндээ эдийн засаг, санхүүтэй холбогддог. Гэхдээ түүнийг хурцдуулахгүйгээр шийдэх арга зам хэзээд байдаг. Жишээ нь, хөрөнгийн эх үүсвэр тодорхой байх, зарцуулалт нь шилэн буюу нээлттэй байх зэрэг шийдэл байгаа шүү дээ. Нөгөө талаасаа олсон орлогыг хэн нэг хүн, гэр бүлийн төлөө цаашлаад бүс нутаг, олон улсад заналхийлсэн үйл ажиллагаанд зарцуулаад байвал түүнийг хүч чадалтай, нөлөө бүхий орнууд хараад суухад төвөгтэй. Өнөө цагт хөрш айлын чинь гишүүд ямарваа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдвэл тэр нь зөвхөн тухайн гэр бүлийн асуудал биш болсон. Тиймээс аливаа зүйл ил тод, нээлттэй байвал хардах, буруутгах зүйл бага гарах боломжтой. Хэдийгээр буруу, шударга бус гэдгийг нь батлах олон жишээ баримт дурдаж болох ч өнөөгийн дэлхий ертөнц, олон улсын харилцаа, улс төрийн амьдралыг хориггүйгээр төсөөлшгүй. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж өвгөдийн сургаал бий. Харамсалтай нь, улс төрийн шийдвэр нь тодорхой хэмжээнд зорилгодоо хүрдэг ч хоморгонд нь өртөж, золиосонд нь энгийн иргэд хохирдог.
-Сүүлийн үед Хонконгийн хүний эрхийн тухай хуулийг Америк батлав, Шинжаан-Уйгарын хүний эрхийн тухай хуулийг АНУ-ын Конгресс баталсан гэх мэт мэдээлэл сонсогдоод байх юм. Бусдын өмнөөс хууль батална гэдэг чинь дотоод хэрэгт нь оролцож буй явдал юм биш үү?
-Түүхэн үйл явц талаасаа яг тэгж тайлбарлана. Өнөөдөр өрнөж байгаа аливаа үйл явцад бид эцсийн үнэлэлт өгөхөд эрт л дээ. Гэхдээ яг дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцож байна уу гэдгийг тодорхойлоход хэцүү. Жишээ нь, манай улсын дотоод зах зээлийг дэмжих зорилгоор АНУ-ын Конгресст ярьж байгаа “Гуравдагч хөрш”-ийн худалдааны тухай хуулийн төслийн үзэл санааг энэ талаас нь тайлбарлаад, бусад улсаас хэт давуу байдал олголоо, дотоод хөгжлийн асуудлыг нь гаднаас дэмжих санаатай гэх мэтээр мушгиад байвал бас л хэцүү. Өөр нэг жишээ, сүүлд Мьянмарт өрнөсөн шашнаас улбаатай мөргөлдөөн, хүний эрхийн асуудлыг олон улсын нийгэмлэгийн зүгээс шийдвэртэй хориг арга хэмжээ авсны үр дүнд хохирлыг бууруулах боломж харагдаж байна. Саяхны түүх болон бичигдэх Зүүн Тимор, Өмнөд Суданы хямрал, тусгаар тогтнолын асуудал ч цаагуураа шашны л углуургатай. Шууд цэрэг зэвсгийн хүчээр тусламж үзүүлэхээс урьтаж улс төрийн шахалт, эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг буруутгах нь өрөөсгөл.
-Ер нь энэ хориг гээч чинь том гүрнүүд хүний эрх, тусгаар улс үндэстний эрх ашгийг зорчиж байгаа хүч түрсэн түрэмгий үйлдэл биш үү. Бас өрсөлдөгчөө намнан өндийснийг нь хэвтүүлэх нэг арга, үйл ажиллагаа ч гэмээр санагддаг юм. Ер нь өрсөлдөөнөөс үүдэлтэй гэж хэлж болох уу.
-Тэгж харж болох ч шууд ингэж тайлбарлаж бас болохгүй. Нэг талаасаа мөн гэдэгтэй маргах зүйлгүй. Гэхдээ нөгөө талаасаа бас асуудал байна. Аливаа цаг үе өөрийн баатраа төрүүлдэг гэсэн үг байдаг даа. Бичмэл хуульгүй гудамж амьдрал ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн атаман юм уу, толгойлогч нь асуудлыг шийдээд явдагтай зүйрлэж болох ч юм шиг. Энэ нь эрх зүйт нийгмийн өнөөгийн хөгжил талаасаа “дэлхийн Засгийн газар”-ын үүрэг гүйцэтгэх учиртай НҮБ-ын үүрэг, оролцоо шаардлагатай хэмжээнд байж чадаж байна уу гэдгийг л харууллаа гэж ойлгож болохоор юм уу л гэж судлаачийн хувьд бодож байна. Уг нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг шиг улс бүхэн НҮБ-ын гишүүнчлэлийнхээ хүрээнд эрх тэгш харилцаж чаддаг бол сайхан л юм. Энгийнээр тайлбарлавал, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг сонгодог ойлголт дээр л тулж очих болов уу. Биднээс шалтгаалах, шалтгаалахгүйгээр хүн төрөлхтний түүхэнд “хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай” гэдэг хууль үйлчилсээр ирсэн дээ. Хүч тэнцүү, ижил түвшний тоглогчдын хувьд өрсөлдөөнөөс үүдэлтэй гэдэг таны үзэл онох байх. Үнэндээ бид өөрөөр л нэрлээд байгаа болохоос биш Америк, Хятадын “Худалданыы дайн” гэдгийг нөгөө талаас нь аваад үзвэл хоригийн л нэг хэлбэр.
-Үнэндээ НҮБ хүчгүйдэж байна уу гэж бодогдмоор л юм.
-Тийм. НҮБ-ын шинэчлэлийн асуудал судлаачдын хувьд шинэ зүйл биш. Шинэчлэхийн төлөө шинэчлэл, хэлбэр, загвар талаас гэхээсээ илүүгээр агуулга, чухамдаа НҮБ-ын үүрэг, хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт л учир нь байна. Ная гаруй жилийн өмнөх дэлхий ертөнц, олон улсын харилцаан дахь улс төр, эдийн засгийн тогтолцоо тэс өөр болчихсон өнөө цагт шинэчлэл хийхээс аргагүй. Хүчтэй болгохын тулд эргээд л хөрөнгө мөнгө яригдах гээд гинжин урвал шиг л юм болно.