Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт сум, галт хэрэгслийн хайгуул, устгалын бүлэг ажиллаж их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн тухай бид өнгөрсөн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн. Ийм арга хэмжээ авсан нь тус аймагт галт хэрэгсэл олсон хоёр хүүхэд түүгээрээ тоглож байгаад дэлбэрсэнтэй холбоотой аж. Тодруулбал, Дорнод аймгийн төв Хэрлэн сумын VIII багийн Цантын хүр гэдэг газарт оршин суудаг Б-гийн гэрийн гадаа сум дэлбэрснээс зургаан настай хоёр хүүгийн нэг нь нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн байна. Мөн тухайн үед гэртээ байсан 12 настай охин нуруундаа шархаджээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газраас Засаг дарга М.Бадамсүрэнд хандан холбогдох арга хэмжээ авхуулах саналаа албан бичгээр илэрхийлсэн юм байна. Улмаар ЗХЖШ-аас томилогдсон хайгуул, устгалын тусгай бүлгийнхэн Дорнодод ажиллаж, Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр гэх газраас цэргийн зориулалттай, 13 нэр төрлийн 176 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг цагдаагийн ажилтнуудтай хамтран зохих журмын дагуу гүйцэтгэжээ. Бидэнд олдсон мэдээллээр, 2019 оны наймдугаар сард тус аймагт зохион байгуулсан Монгол, ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн үеэр тэсэрч, дэлбэрэлгүй үлдсэн галт хэрэгслээр дээрх хүүхдүүд тоглосон нь ийм аюулд хүргэжээ. Цэрэг, цагдаагийн алба хаагчдын олж устгасан галт хэрэгслийн нэг бус нь хамтарсан сургуулилалтын үеийнх гэнэ. Түүнчлэн 1980-1990-ээд онд Монголд байрлаж асан Зөвлөлтийн цэргийн ангийнх ч байсан гэдэг мэдээлэл бидэнд ирлээ. Цагдаа, цэргийн алба хаагчид олсон сум, галт хэрэгслээ тавдугаар сарын 27-нд дэлбэлж, устган аюулгүй болгосон юм байна. Гэвч дахиад их хэмжээний галт хэрэгсэл олсон гэнэ. Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ЗХЖШ-ын даргын тушаалаар байгуулсан Хайгуулын бүлэг болон аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийнхэн Баянтүмэн сумын IV багийн нутаг дэвсгэрээс 150-200 ширхэг дарь цэнэгтэй сумны хошуу илрүүлжээ. Өдгөө цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан болон байлдааны буудлагатай хээрийн сургууль явуулсан газар, оронд үргэлжлүүлэн хайгуул хийж байна.
Иргэд хээрээс сум, галт хэрэгсэл олоод төмрийн хогонд тушаах гэж оролдон, амь, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг. Тиймээс сум, галт хэрэгсэл олсон тохиолдолд түүгээр оролдолгүй холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Бэлтгэсэн: Г.Равжаа