ТЦА-ныхан замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой оролцсон багачуудыг баярлуулан, бэлэг гардуулсан юм. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэн өчигдөр 20 орчим хүүхдийг баярлуулав. Тэд ээжтэйгээ хамт зугаалж явсан дөрөв, таван настай эгч дүү хоёрт эхний бэлгээ өгсөн юм. Тус хэлтсийн зохицуулагч, дэд ахлагч Б.Цэрэнчимэд “Хоёр хоногийн өмнө Дорнод аймгийн Баяндун сумд иргэн У хашаан дотроо “Истана” маркийн машинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч, амийг нь хохироосон. Урин дулаан цагт хүүхдүүд байрны гадаа, хашаандаа тоглох нь ихэсдэг. Машины сүүдэрт хүүхэд унтаж байх вий, эргэн тойрныг нь сайн харж, шалгаж байгаарай” гэв. Мөн тус хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Далайцэрэн “Жилд дунджаар 50 орчим хүүхэд зам, тээврийн ослын улмаас амиа алддаг. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хоёр ангийн сурагчидтай дүйцэх тоо. Үүнийг олон улсын түвшинтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Жолооч нар хүүхдээ буруу тээвэрлэдэг, ганцааранг нь зам хөндлөн гаргадгаас шалтгаалж хүүхэд гэмтэх, эндэх тохиолдол буурахгүй байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас хүүхэд нас барсан тохиолдол гараагүй. Дэлгүүр явах гэж гарсан ах, дүү хоёр 2018 онд харамсалтайгаар амиа алдсаныг та бүхэн санаж байгаа байх. Гарцгүй газраар гүйж явахад нь хурд хэтрүүлсэн машины жолооч мөргөсний улмаас нас барсан шүү дээ” гэв. Ийм харамсалтай байдлаар буюу зам, тээврийн ослоор энэ оны эхний таван сарын байдлаар 20 хүүхэд нас барсны 18 нь орон нутагт бүртгэгдсэнийг ТЦА-наас мэдээлсэн. Зөрчил гаргасан нэгнийг торгож, шийдгэдэг цагдаа нар хүүхдүүдийг баярлуулж буй нь гэгээлэг сайхан үйл явдал боллоо гэж цахим ертөнцөд иргэд ам сайтай байсныг онцлоход илүүдэхгүй биз. Нэг гартаа дохиур, нөгөө гартаа бэлэг бариад зогсож буй замын цагдаа нар хайр татам харагдаж байсныг нуун юун. Нийт зургаан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ийнхүү багачуудыг баярлуулсан бол Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид галт тэргээр үйлчлүүлж буй хүүхдүүдийг баярлуулж, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулсан бол эцэг, эхчүүдэд нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг үргэлж анхаарахыг зөвлөжээ. Мөн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэн орон нутгийн нислэгээр зорчиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулжээ.