Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал. Дэлхий нийтээр “тойрог” эдийн засагт шилжээд буй өнөө цагт ашиглаад хаях бус, дахин боловсруулж, байгалийн нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад улс орнууд анхаарах болсон. Манай улс дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах боломжтой хэдий ч хог хаягдлыг “чулуу” болгодог иргэдээ хөсөр хаяснаас дахин боловсруулах үйлдвэрлэлээ элгээр нь мөлхүүлж байна.
Хоёрдогч түүхий эдээр амьжиргаагаа залгуулдаг 20 мянга гаруй иргэн манай улсад бий. Түүж цуглуулан, ангилан ялгаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал хэдэн зуун тэрбумын орлого олох боломжтой хаягдлыг булшилдаг улс манайхаас өөр үгүй. Монголчууд жилд дунджаар 7.6 мянган га талбайг хамарсан 390 цэгт 3-4 сая тн хог хаядаг гэсэн судалгаа бий. Үүний 82 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч 90 орчим хувийг нь хог хаягдлын төвлөрсөн цэгт булж, 10 гаруй хувиар нь л бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 10 гаруй хувийг дахин боловсруулснаар 100 орчим тэрбум төгрөг зах зээлийн эргэлтэд оруулдаг байна. Үүнээс 40 гаруй тэрбумыг нь хог ачих, тээвэрлэх, булахад зарцуулдаг аж. Баялгаа булшлахад хэрэглэж буй энэ мөнгийг дахин боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд зарцуулбал хог хаягдлаас олдог 100 тэрбумыг 200 болгох боломжтой хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-ныхон үзэж буй юм. Харамсалтай нь, хог хаягдлыг дахин боловсруулахад гар бие оролцдог 90 гаруй байгууллага нэгдсэн тус холбооныхны үгийг шийдвэр гаргагчид сонсох нь битгий хэл, үйлдвэрлэл эрхлэхийг нь хязгаарлажээ. Тодруулбал, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хаягдал дахин боловсруулах үйлдвэр, хувийн хэвшлийнхэн зээл авч чадахгүйд хүрсэн гэнэ.
ЖДҮХС-д энэ он гарснаас хойш есөн салбар, чиглэлийн 1576 төсөл хэрэгжүүлэгч 238.5 тэрбум төгрөгийн зээл авахаар хүсэлт хүргүүлээд буй аж. Дээрх есөн салбар, чиглэлд сүү, дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, төмс, хүнсний ногоо тарих, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх, арьс, шир, ноосон эдлэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх, сав, баглаа, боодол хийх, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг багтжээ. Дээрх есөн салбар дотор хог хаягдлыг дахин боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих нэг ч чиглэл байгаагүй аж. Ингэснээр хог хаягдлын 10 гаруйхан хувийг дахин боловсруулж, амьжиргаагаа залгуулдаг иргэдийн ирээдүй бүрхэг болсон гэхэд хилсдэхгүй. ЖДҮХС-гийн зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй, эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж, хоёр дахиас нь төлж эхлэх нөхцөлтэйгөөр арилжааны банкаар дамжуулан олгодог. Мөн санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмж авч ашиглах боломж бүрдүүлдэг гээд дурдаад байвал давуу тал ихтэй зээл. Өнгөрсөн жилүүдэд эрх мэдэлтнүүдийн хөрөнгөө өсгөх хэрэгсэл болсон зээл энэ удаад ч мөн эздээ олсонгүй. Хаягдал мод ашиглан шахмал түлш, шорлогийн нүүрс үйлдвэрлэдэг МСРТ компанийн захирал Д.Бямбадаш энэ талаар “Манай компани тогтмол үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Хэрэглэгчдэд хэдийн танил болсон, тоног төхөөрөмж сайтай, тодорхой хэмжээний ажлын байр бий болгосон ч компаниа өргөжүүлэх, өсөж дэвжих шаардлага бидний өмнө тулгарсан. Өнгөрсөн хугацаанд бид төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлд нэг ч удаа хамрагдсангүй. Өмнө нь эрх мэдэлтнүүдэд алддаг байсан зээлээ энэ жил авч чадах байх гэж итгэж байлаа. Гэвч “Зээл олгох салбар, чиглэлд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл байхгүй” гэх шалтгаанаар төслийг минь хасчихсан. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тодорхой хэмжээний хөрөнгийг зах зээлд эргэлтэд оруулж байгаа бидэнд хамгийн түрүүнд дэмжлэг үзүүлэх ёстой газар бол төр. Харамсалтай нь, дэмжлэг үзүүлэх нь битгий хэл, жижиг, дунд үйлдвэрлэл, хог хаягдлаар хоногийн хоолоо залгуулдаг бичил бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэлийг элгээр нь мөлхүүлсэн шийдвэр гаргачихлаа” гэв. ХХААХҮЯ-ны шийдвэрийн уршгаар хуванцар, гялгар уут, хайлш, шил, яс, арьс, шир гээд 20 гаруй төрлийн хаягдлыг дахин боловсруулдаг 20 мянга гаруй иргэн бизнесээ өргөжүүлэх боломжгүй болжээ.
Хог хаягдал дахин боловсруулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчид буюу өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого манай улсад хэзээнээс дутмаг байсаар ирсэн. Түүхий эдийн нөөц, дахин боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйгээс болж энэ төрлийн бизнес эрхлэгчид “өвдөг шорооддог”. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж, өрхийн хэрэглээний орлогоо олж буй тэднийг дэмжих ёстой байгууллага нь төр. Гэвч төрөөс тэдэнд зориулж олгодог ЖДҮХС-гийн зээлийг “хазаарласан” нь орлогогүй өрх, ажилгүй иргэдийг бий болгосоор байна. Дэмжлэг үзүүлдэг байсан ганц зээлээ энэ удаад тэднээс “харамлачихлаа”. Тэд бизнесээ аврахын тулд юу хийх шаардлагатай вэ.
Дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төр, хувийн хэвшлийнхэн ямар бодлого баримтлах хэрэгтэй талаар МХХДБҮХ-ны тэргүүн Д.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улсад хог хаягдал дахин боловсруулдаг 32 үйлдвэр бий. Эдгээрээс гадна бичил бизнес эрхлэгч буюу өрхийн үйлдвэрлэгчид хог хаягдлыг дахин боловсруулахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Харамсалтай нь, тэднийг дэмжих төрийн бодлого дутаж байна. Асуудал бүрийг төр лүү чихэж болохгүй ч чадлынхаа хэрээр тооцоо, судалгаагаа хийж, байгаа бүхнээ дэнчинд тавиад үйлдвэрлэл эрхлэхээр зориглосон иргэдээ хадан цохионоос түлхэж байгаагаас өөрцгүй шийдвэр гаргалаа. Төр бичил бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд нэн тэргүүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг. Дараа нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд нь татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Хэдэн жилийн өмнө дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд 20 хүртэлх хувийн татвар нэмж тооцдог болсон. Энэ нь бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болсон. Бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн хэрээр тэд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлздэг. Харин эсрэгээрээ санхүүгийн дарамтад орсон үйлдвэрлэгчид чанарт бус, мөнгөнд санаархаж чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрсдэлтэй. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал. Харамсалтай нь, энэ жил ЖДҮХС-гаас хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд дэмжлэг авч чадахгүй боллоо” гэв.
Нийслэлийн 1.3 сая хүний үйлдвэрлэсэн хаягдлыг баялаг болгох чухал үүрэг хүлээдэг ч санхүүгийн бэрхшээлийн улмаас дөнгөн данган үйл ажиллагаа явуулдаг тэднийг ЖДҮХС-гаас олгодог хөнгөлөлттэй зээлээс хассан нь цагаа олоогүй “гадуурхал” гэж бизнес эрхлэгчид бухимдах болжээ.