ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны XIV чуулган Колумбийн нийслэл Богота хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Монголчуудын хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг тус чуулганаас гаргасан билээ. Уг зан үйлийг дэлхийн өвд бүртгэсэн батламжийг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар холбогдох байгууллагуудын төлөөлөлд өчигдөр гардууллаа. Эл зан үйлийг дэлхийд өвд бүртгүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёлын өвийн үндэсний төв, Байгаль, соёлын өвийг хамгаалах сан, “Айргийн нутгаар” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан аж.
Хөхүүрийн айраг исгэх зан үйл нь дэлхийд данслагдсан, биет бус 15 дахь монгол өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод 2005 онд нэгдсэнээс хойш хөөмий, битүү амьсгаа, монгол наадам, уртын дуу, шагайн харваа зэрэг өвөө дээр дурдсан жагсаалтад бүртгүүлсэн.
Бэлтгэсэн: М.Оч