Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га газрыг түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн болгон, тохижуулж буй. Уг ажлын гүйцэтгэл эдүгээ 80 орчим хувьтай байгааг албаныхан мэдээлэв. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ-ийг “Нутагт консалтинг” ХХК-ийнхан боловсруулсан бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй аж. Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн нь 14 мянган ам метр талбайг хамрах бөгөөд үүний 5600-д нь хатуу хучилттай зам барьж, 6320-ийг нь зүлэгжүүлэн, цэцгэн мандал бий болгож байна. Мөн түүхэн дурсгалт 13 хөшөө байрлуулахаас 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урт цагаан шонхрын хүрэл баримал зэрэг багтжээ.