Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Прокурорын ажил Үндсэн хуулийн статустай, аливаа хэргийн зангилааг зөв тайлахад төрийн нэрийн өмнөөс оролцон, хуулийг нэг мөр мөрдүүлж, хүний эрхийг хамгаалах нэн чухал үүрэгтэй, маш хариуцлагатай, өвөрмөц алба билээ. 90 жилийн түүхтэй тус байгууллагаас Гавьяат хуульч цолоор 15 хүн энгэрээ мялаасан байдаг. “Гавьяатууд ажил мэргэжлийн хариуцлагаа өндөр ухамсарлан, бусдыгаа түүчээлж ирсэн” гэж үе үеийн прокурорууд хүндэлдэг юм.
“ШИРҮҮН ХУУРАЙ” Г.ДАМДИНСҮРЭН
Гэндэнгийн Дамдинсүрэн прокурорын байгууллагын тулгын чулууг тавилцсан эрхэмд зүй ёсоор тооцогдоно. 1910 онд төрсөн тэрбээр насны амьдралаа хууль цаазыг бэхжүүлэхэд зориулжээ. Няхуур нямбайгаараа алдартай энэ эрхэм Монгол Улсын анхны Гавьяат хуульч бөгөөд үнэмлэхийн дугаар нь “001”. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Дамдинсүрэн 1943 онд Дундговь аймагт прокурорын байгууллага байгуулах ажлыг хүлээж аваад Шинэ ажлыг маш журамтай явуулах тухай зургаан зүйл бүхий тушаал гаргаж байжээ. Улмаар Үржин, Ч.Батбуян, Дэмбэрэл нарыг мөрдөн байцаагчаар ажилд авч, тэдэнд шинэ үсэг заах ажлыг нарийн бичгийн дарга Оргид даатгаж байсан гэдэг. Ч.Батбуян нь даалгасан анхны хэргээ амжилттай илрүүлж байсан гэх. Уг хэргийн талаар цухас дурдвал, эмнэлгийн анхан шатны мэдлэггүй атлаа өөрийн дураар хүүхэд эх барьж, амийг нь хохироосон хэрэгт тухайн үеийн Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар ял төлөвлөн, хэргийг шүүхэд шилжүүлж байжээ. Ингээд ажлын дөртэй болсон Ч.Батбуянг Өмнөговь аймгийн прокурорт шилжүүлсэн ч араас нь сураглаж, сайн явааг дуулаад “овоо доо” хэмээн баярлаж суусан гэдэг. Тус аймгийн прокурорын газар нь 1944 онд эсгий гэрээ найман тасалгаа бүхий байшингаар сольж, машинтай ч болжээ. Тэрбээр прокуроруудаасаа ажилдаа эзэн байхыг үргэлж шаардахын зэрэгцээ “Хэргийг зөв шийдвэрлэхэд тал тохой татаж, найз нөхдийг илэхгүй, гэр бүлдээ албан үүргийн ба хуулийн нууцыг задруулж болохгүй” гэж захидаг түүнийг хамт олон, хуулийн бусад байгууллагынхан “Ширүүн хуурай” гэдэг байжээ.
ХАМЖЛАГА ЯВСАН ХҮҮ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БОЛЖЭЭ
Сэвжидийн Батсүх Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. 1912 онд төрсөн тэрбээр бага насаа туйлын ядуу зүдүү өнгөрөөжээ. Тиймээс айлд зарцлагдан ээждээ түшиг болж, дүү нараа өсгөлцсөн нэгэн. Ээж нь “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” хэмээн хүүгээ Жадамба баяныхаас авчирч, хувьсгалт засаг гарах үед буюу 13 настайд нь сургуульд оруулжээ. Ийнхүү Дарьганга хошууны тэнхимийн бага сургууль төгсөөд хошуу Тамгын газарт бичээч болсон түүхтэй. Тухайн үед БНМАУ-ын VI Их хурлаас прокурорын байгууллагыг төв болон орон нутагт албан ёсоор байгуулах шийдвэр гаргаж, уг ажлыг хэрэгжүүлэхэд С.Батсүх гар бие оролцжээ. Прокурорын байгууллагад 50 жил ажиллахдаа албанаасаа нэг ч удаа хоцорч үзээгүй гэдэг. Мөн Прокурорын байгууллагын тухай хууль, дүрмийг үг үсэг, заалт бүрээр нь цээжээр мэддэг, хариуцлагатай нэгэн байж. Тийм болоод ч тэр үү, хууль зөрчиж гаргасан аливаа эрх зүйн акт бичгүүд, тушаал захирамжийг илрүүлэн, прокурорын эсэргүүцэл бичихдээ гарамгай. Баяд, ноёдын олонх нь харгис ширүүн, харамч хахирыг өөрийн биеэр мэдэрсэн тэрбээр шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллажээ. Олон залууг хуулийн наад захын мэдлэгтэй болгож, цаашид суралцах замыг нь гэрэлтүүлж өгсөн буянтан. Тэр бас Монголд хууль цаазыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ЗХУ-ын сургагч багш П.Т.Колоповын гарын шавь нарын нэг нь. Багшийгаа Монголоос явсан ч захидлаар харилцдаг байж. Жишээ нь, П.Т.Колопов 1967 онд түүнд бичсэн захидалдаа “Миний хайрт шавь минь. Өдгөө би 75 нас хүрлээ. Монголын ард түмний ололт амжилтыг бодоход сэтгэл зүрхэнд гал бадардаг” хэмээн бичсэн байв.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИУЛСАН ЭРХЭМ
Ойдовын Лхамсүрэн гуай цагтаа прокурорын байгууллагын нүүрийг тахалж явсан нэгэн. 1918 онд Ховд аймгийн Мянгад сумд төрсөн тэрбээр насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулжээ. 1960 онд Төв аймгийн Прокурорын газарт томилогдон ажиллахдаа улсдаа үлгэр жишээ болтол нь сайжруулсан байна. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, хууль сурталчлах самбар байршуулж, хуулийн мэдээлэл бүхий тараах хуудсыг анх санаачлан, прокуроруудыг иргэдтэй ойртуулах үүднээс томоохон үйлдвэр, аж ахуй, сум нэгдлүүдэд хэсгийн прокурор байгуулах ажлыг эхлүүлж, кримналистикийн анхны танхим байгуулсан гээд түүний хийсэн ажил мундахгүй. Прокуроруудыг дотоод, гадаадад байнга сургаж, явахдаа залгамж халаагаа бэлтгэхээ ч мартаагүй. Тиймдээ ч тухайн үед ЗСБНХУ-ын ерөнхий прокурор, Социалист хөдөлмөрийн баатар, Нюренбургийн шүүх хуралд яллагчаар оролцсон, олон улсад алдартай хуульч А.Р.Руденко тэргүүтэй зөвлөлтийн прокурорууд, БНАГУ-ын цэргийн ерөнхий прокурор А.Лайвнер зэрэг хүндэт зочид ирэхэд Төв аймгийн прокурорын газарт зочлуулж, байгууллагынхаа нүүрийг тахалж байсан гэнэ. Тэд нутагтаа очоод, “Социалистическая законность” сэтгүүл болон бусад хэвлэлд Төв аймгийн прокурорын үйл хэргийг сайшааж бичсэн удаатай.
АЖЛЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮН
Дуламжавын Очирхуягийн талаар цөөнгүй шавь нь далай мэт ачтан гэж дурсдаг. 1918 онд Дорнод аймгийн Матад суманд төрсөн тэрбээр нэгэн насны амьдралаа прокурорын байгууллагын хөгжилд зориулсан байна. 40 гаруй жил ажиллахдаа өөрөө үлгэрлэж, залуусыг хайрлан, халамжилж, бас шаардлага тавьж, ажил мэргэжилдээ дадахад нь гойд анхаарч иржээ. Тиймээс түүний шавь Х.Жамбал, М.Бадрах нар багшийнхаа адил Гавьяат хуульч болсон юм. Түүний бас нэг онцлог нь амжилтдаа сагсуурч сагадаггүй, хүнлэг сайхан чанар. Гэмгүй нэг ч иргэнийг хэлмэгдүүлэхгүй, гэмтнийг хариуцлагаас гадуур үлдээхгүйн төлөө бүхий л чадлаа дайчлан ажилладаг байж. Гавьяат хуульч М.Бадрах дурсамждаа “Д.Очирхуяг гуай ажлын төлөө төрсөн хүн. Гайхмаар чадвартай. Шөнө орой, амралтын өдрийг ялгалгүй ажилладаг. Мөрдөн байцаах ажлын асар их туршлагатай, ямар ч ноцтой хэрэг танилцуулахад төвөггүй ойлгодог. Хамтран ажиллаж буй хүмүүстээ түшигтэй, тулхтай нэгэн байсан” хэмээсэн байв.
НЯГТ НЯМБАЙ НЬ “ДЭНДСЭН” ГАВЬЯАТ
Мабушкийн Бадрах гавьяат 1928 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг, Хирвэстэй гэдэг газар төржээ. Олон хүн түүнийг нягт нямбай гэж магтдаг. Жишээ нь, тэрбээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад процессын зөрчил, алдаа гаргуулахгүйн тулд хэрэг уншихдаа түүвэр, төлөвлөгөө заавал бичиж, карт нээн, гарцаагүй баримтаар, үнэн зөв шийдэхэд гойд анхаардаг байжээ. Шийдвэрлэлгүй удсан хэргийг 2-3 прокуророор уншуулж, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөнөөр оруулж, хэлэлцүүлдэг нягт нямбай хуульч. Тэрбээр Гавьяат хуульч Д.Очирхуягтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олон жил хамт ажиллаж, арга барилаас нь суралцжээ. Тэр үед Хөвсгөл аймагт гэмт хэргийн илрүүлэлт 100 хувь байсан гэдэг. Түүнээс гадна хоригдох гэж байгаа хүний холбогдох хэргийг заавал уншиж, өөртэй нь биечлэн уулзсаныхаа дараа цагдан хорих тогтоол баталдаг нь алдаа мадаг гаргахгүй, бусдыг хэлмэгдүүлдэггүй нямбай зангийнх нь илрэл аж.
ОЙ САЙТАЙ ОНЧ ШАРМААНЫ ЖАМБАЛ
Говь Мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Эмгэнт гэх газар 1929 онд мэндэлсэн Ш.Жамбал гавьяат чанд хатуу нэгэн гэдгээрээ алдартай. Зургадугаар ангидаа ар гэрийн гачигдлаар сургуулиа орхиж, малчин болжээ. 20 настайдаа цэргийн албанд мордож, 1953 оны гуравдугаар сард прокурорын байгууллагын өндөр босгоор алхан орсон. Цэргээс халагдаад унаган нутагтаа ирж, Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байхад нь Д.Очирхуяг прокурор түүнийг “чихдэж” хуульч болох замыг нь заажээ. Ш.Жамбал гавьяат дурсамждаа “Прокурорын байгууллага миний хөлний солбио, хэлний ээдрээг гаргаж өгсөн, буянтай газар. Прокурорын байгууллага ард түмэнд хайрлагдаж хүндлэгдсэн итгэл үнэмшлийн газар гэж боддог” хэмээжээ. 1985 онд Дундговь аймагт очиж ажиллахдаа тэндхийн прокурорын ажлыг сайжруулж, байгууллагынхаа нэрийг өндөрт гаргасан гэдэг. Бусад аймгийнхан Дундговьд очиж, туршлагаас нь судалдаг байжээ. Ш.Жамбалын ой сайтай, онч мэргэнийг бусад прокурор хүлээн зөвшөөрч, биширдэг. Ихэнхдээ монгол бичгээр ажлаа төлөвлөдөг, архи дарснаас хол тэрбээр хойч үедээ ч энэ идээнээс зай барихыг захидаг. Тэрбээр ажлынхаа амжилтаар улсын хэмжээнд I, II байрт байнга ордог байжээ.
МЭДЭХГҮЙ, ЧАДАХГҮЙГЭЭ ЯЛАН ДИЙЛСЭН НЬ
Ховд аймгийн Дарви сумын уугуул Балчингийн Дагвадорж 1933 онд мэндэлжээ. Улаанбаатар хотын Прокурорын газрын мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар хяналтын прокуророос хэлтсийн дарга хүртлээ дэвшжээ. Амьдралын ухаан суугаагүй залуу халуун насандаа прокурорт ажиллаж эхэлсэн түүнийг ахмадууд нь “хүн” болгосон гэдэг. Ажлынхаа хажуугаар оройгоор 10 дугаар анги, бас Марксизм Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж, хожим нь МУИС-ийн хуулийн анги төгссөн аж. Багаасаа хичээл зүтгэлтэй, сургуульд сураагүй ч ааваараа бичиг үсэг заалгасан нэгэн. Тиймдээ ч бүлгэмийн багшаас прокурор болтлоо дэвшжээ. Тэрбээр бага залуудаа морь уяж, барилдаж, бүр сумын наадамд зодоглож начин цол хүртэж байв. “Чадахгүй, мэдэхгүйн зовлонтой алхам тутамдаа таарч байсан ч ахмадуудынхаа заавраар хийсэн ажил минь үнэнд ойр байж, үр дүнд хүрсэн” хэмээн Б.Дагвадорж гавьяат дурсамждаа бичжээ.
ХЭЛМЭГДСЭН ПРОКУРОР
Монгол Улсын Гавьяат хуульч, хурандаа генерал, улсын начин Жарантайн Авхиа “Прокурорын байгууллага, хамт олон намайг “Төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх” болтол сурган хүмүүжүүлж, хууль зүйн ухааны доктор болгосон. 1978 оны дөрөвдүгээр сарын 18-нд нам, төрийн дээд байгууллагын шийдвэрээр БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар томилсон тул арга буюу ээнэгшин дассан прокурорын байгууллагаа орхиж билээ. Гэвч 10 жилийн дараа прокурорын дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллахаар төрөлх хамт олондоо эргэн ирсэн” хэмээн бичсэн удаатай. 1968 онд тухайн үеийн ЗХУ-ын ДЯЯ-ны дэргэдэх Эрдмийн зөвлөлд “Хүн амины эсрэг гэмт хэрэгтэй явуулах эрүүгийн тэмцэл” сэдвээр дэд доктор, “Иргэдийн амь насны эсрэг гэмт хэрэгтэй явуулах эрүүгийн эрх зүй ба криминологийн асуудлууд” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, энэ салбарын анхны доктор юм. 1980-аад онд түүнийг ажлаас нь хилсээр огцруулан, сайдаас чөлөөлж, хурандаа генерал цолыг нь хураан, бэлтгэл хурандаа болгож, “Ж.Авхиа” гэсэн зохиогчтой ном байх ёсгүй хэмээж байсан гэдэг. Хожим 1991 онд Улс төрийн товчооны тогтоолыг хүчингүй болгож, хурандаа генерал цолыг нь сэргээсэн билээ.
“ӨНДӨР ЭЭЖ”
Пунсалын Дайрийжав гавьяат бага насаа Архангай аймгийн Цэнхэр сумд өнгөрүүлсэн. 1946 онд төрсөн тэрбээр хүний эмч мэргэжлээр суралцаж байсан ч нийгмийн “эмч” болохоор шулуудан хууль цаазын дунд сургуульд элсэж, төгссөн аж. 1972 оноос прокурорын байгууллагатай ажил амьдралаа холбон 40 шахам жил тасралтгүй ажиллаж, УЕПГ-аас тэтгэвэртээ гарсан юм. П.Дайрийжавын тэтгэврийг тогтоосон Улсын ерөнхий прокурорын тушаалд “Прокурорын хяналтын ажлыг боловсронгуй болгох, хуульд заасан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай ажлыг он удаан жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган хийж, үлгэр дуурайл үзүүлсэнд нь Монгол Улсын Прокурорын байгууллагын хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлсүгэй” гэж бичсэн байдаг юм. Хууль ёсыг хэлбэрэлтгүй сахиулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулахад мэдлэг чадвараа харамгүй зориулсан түүнийг прокурорууд “өндөр ээж” гэдэг.
ЭРХҮҮГИЙН “ГАВАЛ ТОЛГОЙ”
Гавьяат хуульч Бадамын Дашням 1952 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг, Хүрэн толгойн завсар малчин ард Бадамын 10 хүүхдийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Төрөлх сумынхаа сургуульд суралцан, долдугаар анги дүүргэж, улмаар Завхан аймгийн Барилгын техник, мэргэжлийн сургуульд суралцсан байна. 1969-1971 онд аймгийнхаа Барилга угсралтын конторт ажиллаж байхдаа хувь заяагаа өөрчлөхөөр ажлаа орхин хот руу явсан “том толгой”. Улмаар Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургуулийг онц дүнтэй төгсөж, ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хуулийн ангид элссэн түүхтэй. Сурахын хажуугаар Эрхүү хотын Их сургуулийн хуулийн болон хэлний ангийн оюутнуудын ахлагч, Ерөнхий консулын дэргэдэх Эвлэлийн хорооны товчооны гишүүн явжээ. Үүнээс гадна Эрхүү мужийн намын хорооны дэргэдэх Олон улсын харилцааны сургуульд оройгоор суралцаж, хос мэргэжил эзэмшсэн “Гавал толгой”. Тэрбээр прокурорын байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа Монголын бүх аймаг, цөөнгүй сумаар явж, хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, очсон газар бүртээ сахилга хариуцлагыг сайжруулж иржээ. Түүний удирдлагад ажилласан хүмүүсээс арав шахам аймгийн ерөнхий прокурор төрсөн нь түүний удирдах арга барилыг илтгэнэ.
МОНГОЛ УЛСЫН 20 ДАХЬ ЕРӨНХИЙ ПРОКУРОР
Монголын Алтанхуяг 1999-2010 онд Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан эрхэм. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, дунд сургуульд байхдаа хуульч болох шийдвэр гаргасан нэгэн. 1978 онд МУИС-ийн хуулийн ангийг дүүргэнгүүтээ Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр ажлын гараагаа эхлүүлжээ. Монгол Улсын 20 дахь Ерөнхий прокурор, Гавьяат хуульч М.Алтанхуяг нь ардчилсан нийгэмд прокурорын байгууллагыг хамгийн олон жил удирдсан юм. Энэ хугацаандаа прокурорын хараат бус, бие даасан байдал, ажлын байрны нөхцөл, материаллаг баазыг сайжруулж, хөгжил, дэвшил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн прокурорууд бахархдаг. Түүнчлэн гадаад орны ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, прокуроруудыг туршлага судлуулж, дэвшилт техник технологи нутагшуулах, гадаадын төсөл, хөтөлбөрийг прокурорын байгууллага руу чиглүүлэхэд биечлэн анхаарч ирсэн. Сахилга, хариуцлагын талаар нэхэл хатуутай ч хамт олонтойгоо уралдаан тэмцээнд оролцож, спортоор хичээллэн, энгийн сайхан яриа өрнүүлдэг, тал талын авьяастай, “мужик” удирдагч. Прокурорын орлогчоос Монгол Улсын ерөнхий прокуророор ажилласан түүнийг намтар нь хэн болохыг нь хэлээд өгөх болов уу.
БАНК, ГААЛИЙНХАНТАЙ “ДАЙН” ЗАРЛАСАН ГАВЬЯАТ
Бат-Очирын Цэрэнбалтав гавьяатыг прокурорууд ясны шулуун шударга хүн хэмээн үнэлдэг. Тиймдээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хуулийн байгууллагын ажил улс төргүйгээр явах ёстой. Монголын төр нь төр шиг байж чадахгүй байна” хэмээн түс тас хэлсэн зоримог нэгэн. Б. Цэрэнбалтав 1975 онд МУИС төгсөөд Улаанбаатар хотын Прокурорын газарт томилогдон, улмаар Улсын ерөнхий прокурорын орлогч болтлоо дэвшин ажилласан. Энэ хугацаандаа мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтыг голлон хариуцаж, энэ чиглэлээр улсын хэмжээний бодлого боловсруулсан. Мөн гадаадын улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээдийг улс хооронд шилжүүлэх гэрээг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулжээ. Тэрбээр банк, гаалийн байгууллагынхны хууль бус үйлдэлтэй “дайн” зарлаж, тухайн үедээ шинэ төрлийн хэрэг болох авлига, албан тушаалын хэргийг шалгаж, шийдвэрлэх арга барилд прокуроруудыг сургахад онцгойлон анхаарч байв. Мөн залуу прокуроруудад гарын авлага болохуйц олон арван ном бичиж үлдээсэн эрхэм. “Балтав орлогч нягт нямбай зантай, бичиг баримтын төслийг гар хүрэх шиг болоод л утга, найруулгыг төгс төгөлдөр болгодог, аашилж зандрахгүй ч ёжилж анхааруулдаг нь эмээмээр” гэж “цэргүүд” нь дурсжээ.
ТҮМЭНД ХАЙРЛАГДСАН ТҮМЭНГИЙН ЖАДАМБА
Гавьяат хуульч Т.Жадамба прокурор Өмнөговь аймагт төрж, өсжээ. Хуулийн хүн болно гэж бодож байгаагүй гэдэг. Түүнийг дунд сургууль төгсөхөд багш нар нь асуулгүйгээр хуулийн ангид хуваарилсан байна. 1976 онд Их сургуулийн хуулийн ангийг төгсөхөд нь бас л асуулгүйгээр прокурорт хуваарилсан аж. Ийнхүү хувь заяа нь өөрөө түүнийг прокурорын байгууллагатай холбосон юм. Гэхдээ тэрбээр ажилласан шиг ажиллаж, мэргэжилдээ эзэн болсон. Тууштай, үнэнч зүтгэсээр прокурорын байгууллагад 35 жил ажиллахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн, авлига авсан, бусдын амийг хохироосон, мансууруулах бодистой холбоотой гээд онц ноцтой, олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн олон хэрэгт хяналт тавьсан туршлагатай. Бүр тодруулбал, “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг авч ашигласан хэргээс авхуулаад, Гаалийн ерөнхий газрын дарга, “Наран” групп, “Анод” банкны удирдлагад холбогдох ээдрээтэй хэргүүдийг үнэн мөнөөр нь шийдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр прокурорт ажилласан он жилүүдийнхээ тухай “Залуухан мөрдөн байцаагчаар прокурорт анх томилогдон очиход дандаа л 40, 50 насны хүмүүс ажиллаж байв. Тэд их зарчимч, бас шаардлага өндөртэй. Тэднээс сурсан зүйл их бий. Тэр хэрээр хүний үг даадаг, бусдад ч хэлэх гэсэн үгээ ч хэлчихдэг болсон” хэмээн ярьсан юм. Түүний хэлэх үг, ярих яриа нь бусдаас өвөрмөц. Ёгт үгээр ярина, барагтай бол уурлана гэж үгүй. Бусдаас онцгой хэрнээ даруу гэмээнэ даруу Гавьяатыг прокурорынхон маш их хайрлаж хүндэтгэдэг ажээ.
ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ А.ЯДМАА
Аюушийн Ядмаа 1928 онд Завхан аймгийн Улаагчин сумын нутагт төржээ. Бага, дунд сургуулиа төгсөөд Багшийн дээд сургуульд элсэн суралцахын зэрэгцээ МУИС-ийн хуулийн ангид давхар сурч, улаан дипломтой төгссөн. 1965 оноос Увс аймгийн прокуророор ажиллаж, 1970-1991 онд УЕПГ-ын ерөнхий хяналт эрхэлсэн туслах, коллегийн гишүүн болсон байна. Прокурорын байгууллагад 30 гаруй жил ажилласан ахмад прокурор А.Ядмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны зарлигаар Гавьяат хуульч цол тэмдгээр шагнуулжээ. Гавьяат хуульч тэрбээр залуу боловсон хүчнийг бэлтгэх, прокурорын ажилд сургахад махран ажиллаж, өөрөө үлгэрлэн, “Яс Ядмаа” хэмээх алдрыг хүртсэн бөгөөд олон арван гарын авлага, материалыг бэлтгэсэн ахмад прокуроруудын нэг юм.
АХМАД ДАЙЧИН ГАВЬЯАТ
Прокурорын байгууллагад 1950-иад оноос ажиллаж асан Жигмэдийн Гомбодорж дурдатгалдаа “Би 1924 онд Архангай аймгийн Хотонт сумд төрсөн. Эцэг, эхээс 11-үүлээ, айлын отгон хүү. 1943 онд 19 настайдаа цэрэгт мордож, таван жил алба хаасан. Би баруун хязгаарт Ховдын хилийн отрядад хуваарилагдсан. Манай отряд Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг уулын ойролцоо байрладаг байв. Улсын хил амгалан биш, баруун хязгаарт хилийн будилаан үе үе гарна. 1943-1948 оны баруун хилд болсон үйл явдлыг түүхэнд “Тулгаралт” гэж нэрлэдэг. Би арын албанд холбоочин байсан ч буун дуу бишгүй л сонсож явлаа. Төр, засаг маань намайг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнасан” хэмээн хуучилжээ. Хотын прокурор, Улсын прокурорын хэлтсийн дарга гээд олон жил удирдах ажил хийсэн Гомбоорой гавьяат цэвэр цэмцгэр, залуу сэтгэхүйтэй, алиа хошин хүн явжээ. Насаараа прокурорын байгууллагад ажилласан тэрбээр тэтгэвэрт гарсан ч УЕПГ-т цагаатгах ажил хариуцсан хяналтын прокуророор 10 гаруй жил ажиллан, туршлагаа залуустай харамгүй хуваалцсан байна. Өнөөдрийн байдлаар тэрбээр прокурорын байгууллагын отгон гавьяат юм.