Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан энхийг сахиулах ажиллагааны тухай илтгэлээ танилцуулахдаа 2019 онд “цэнхэр дуулгатнууд”-ын тоо буурсныг цохон тэмдэглэжээ. Илтгэлээс үзвэл өнгөрсөн онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдын тоо 4.8 хувиар буурчээ. НҮБ-ын ивээл дор 2019 онд 61 энхийн ажиллагаа явуулсан нь 2018 оныхтой харьцуулахад нэг дахин илүү байжээ. “Энхийг сахиулах ажиллагаа, мөргөлдөөнийг шийдвэрлэх хөтөлбөр”-ийн захирал Жаир ван дер Лиинийн үзэж байгаагаар энхийг сахиулагчдын тоо буурч байгааг нэг талаас сүүлийн жилүүдэд олон тооны томоохон ажиллагаа зогссон, нөгөө талаас шинэ үйл ажиллагаа нь бага байх хандлагатай байгаатай холбоотой аж. Тухайлбал, энхийн сахиулах хүчний бие бүрэлдэхүүний 71 хувь нь байдаг Африк тивийн Сахарын цөлөөс өмнөд хэсэгт байрлах нутагт “цэнхэр дуулгатнууд”-ын тоо 5.8 хувиар буурчээ. Үүнийг нэг шалтгаан нь бүс нутаг болон олон улсын түвшинд тэр дундаа Сахел, Чадын сав газрын бүс нутгуудад терроризмтой тэмцэх ажиллагааг нэмэгдүүлсэн явдал байжээ. Хэдий Африкт энхийг сахиулах ажиллагааны хамгийн олон хувь оногддог ч Ойрх Дорнод ба Хойд Африкийн орнуудад энхийг сахиулах ажилтнуудын тоо 4,7 хувиар өссөн байна. НҮБ-ын энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүнээс 2019 онд зэвсэгт халдлагын улмаас 28 хүн амиа алдсан нь 2018 оныхтой харьцуулахад нэг дахин илүү аж. Тэдгээрийн ихэнх нь Мали дахь “Минусма”энхийг сахиулах ажиллагааны үеэр амь үрэгдсэн байна.