БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 5-р сарын 1-ээс хойш анх удаа олны өмнө гарч цөмийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар Солонгосын Хөдөлмөрийн Намын (СХН) Цэргийн Төв Зөвлөлийн өргөтгөсөн хурал хийжээ. Энэ тухай Солонгосын Төв Цахилгаан агентлаг Ням гарагт мэдээлэв. Уг хуралдаан хэдний өдөр болсныг тодорхой заагаагүй ч Ким Жон Уны тушаалд гарын үсэг зурсан огноо нь энэ сарын 23-аар тэмдэглэгдсэн байна. Мөн нийтлэлд Ким Жон Унын хурлын индэр дээр СХН-ын тугийн өмнө сууж байгаа зургийг хавсаргажээ. Нийтлэлд бичсэнээр бол Умард Солонгосын удирдагч Цэргийн Төв Зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа улс орноо гаднын довтолгооноос хамгаалахын тулд батлан хамгаалах хүчин чадлаа сайжруулах, цөмийн зэвсгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай ярилцсан аж. Ким Жон Ун анх өнгөрсөн 4-р сард учир шалтгаангүй алга болоход дэлхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний биеийн байдал муудсан, бүр нас барсан гэсэн таамаг тарсан юм. Энэ сарын 1-нд Умард Солонгосын Төв хэвэл Ким Жон Уныг бордооны шийн үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон тухай мэдээлж дүрс бичлэг зургийн хамт нийтэлсэн аж. Түүнээс хойш Умард Солонгосын удирдагч гурван долоо хоногийн дараа анх удаа ил гарч байгаа нь энэ ажээ.