Улсын онцгой комиссоос тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан арга хэмжээ болох хөл хорионы хугацаа ирэх долоо хоногт дуусна. Энэ хугацааг сунгах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Д.Энхтүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл УОК 12 удаа хурал хийлээ. Цар тахлын 2 дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцааж хааж байна.
Бид хориглох, хязгаарлах тактикаас гарч, сөрж орсон. Өөрөөр хэлбэл хилийн боомтуудыг нээж нүүрс, зэс, жоншийн экспортоо эхлүүлсэн. Мөн тусгай үүргийн онгоцоор эрсдэл өндөртэй улсаас иргэдээ авчирсан юм.
ОХУ-д өвчлөл эрс нэмэгдэж байна. Тус улсад халдварын тохиолдол 335,882-д хүрсэн. Харин АНУ-д нийт 1.6 сая хүн халдвар авчээ. Вьетнамын дайнд тус улс 50 мянган цэргээ алдсан. Гэтэл коронавирусийн улмаас хоёрхон сарын дотор 100 мянга шахам иргэнээ алдлаа. COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ.
БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.
Эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа орон даяар зүүх аяныг эхлүүлэх, зунжингаа ариутгал, цэвэрлэгээ хийнэ. Илүү хариуцлагатай, бие биенээ дэмжиж халдварыг даван туулах үе ирлээ. Дотоодод халдвар гарвал 3 дахь үе ирнэ. Тиймээс халдварын эсрэг санаа нэгтэй тэмцэцгээе" хэмээн уриаллаа.