Улаанбаатарын гэр хорооллын бүсийн, Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарыг сайжруулах зорилгоор хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Засгийн газар, Азийн хөгжлийн банк гарын үсэг зурав. Тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Энэхүү төсөл нь бага орлоготой өрх, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг бүлгийн иргэдэд үр өгөөжөө өгч, нийгмийн оролцоог нь хангана” гэв. Уг төслийг хэрэгжүүлснээр Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн болон зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар, үйлчилгээг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлөвийг өөрчлөх, оролцоог нь нэмэгдүүлэхийг зорих аж. Дээрх байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаагүй, нийтийн тээврийн ачаалал өндөр байдаг гэнэ. Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлэх уг төслийн үр шимийг гэр хорооллын хоёр хорооны 12 104 эмэгтэй, 11 540 эрэгтэй оршин суугч хүртэх тооцоо гарсан бөгөөд тэдний 7336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн аж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал