Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулах талаар тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр бол санал асуулгыг 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгуультай хамт нэгэн зэрэг явуулах аж. “La nacion” сонинд мэдээлснээр, санал асуулгад оролцогчдод Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд нэн даруй оруулах шаардлагатай юу гэсэн ганцхан асуулт тавих аж Арлыг АНУ-ын нутаг дэвсгэр болгохын тулд санал асуулгын дүнг Конгресс батлах ёстойг тус сонинд тэмдэглэжээ. Өмнө нь Пуэрто-Рико арлын өнөөгийн статусын талаар таван удаа санал асуулга явуулж байжээ. 1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ-ын бүрэлдэхүүнд орсон Пуэрто-Рикогийн олон улсын эрх зүйн өнөөгийн статус нэлээд маргаантай. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй аж. Арлын хууль тогтоох дээд эрх мэдэл нь АНУ-ын Конгрессод харьяалагддаг боловч Төлөөлөгчдийн танхимд Пуэрто-Рикогийн ашиг сонирхлыг санал өгөх эрхгүй тусгай эрхт төлөөлөгч төлөөлдөг байна. Арлын гүйцэтгэх засаглалыг амбан захирагч нар барьдаг аж. АНУ-ын Хууль зүйн яам Пуэрто-Рикогийн эрх баригчдын арлыг тус улстай нэгтгэх боломжтой талаар дахин санал асуулга явуулах шийдвэрийг тайлбарлахаас татгалзсан байна.