Хонконгийн Хууль тогтоох ассамблейд (ЛегКо буюу парламент) өрсөлдөгч хоёр намын гишүүд хэл амаа ололцолгүй маргалдан зодолдож улмаар ардчиллыг дэмжигч 14 гишүүн танхимаас хөөгдөн гарч, хэд хэдэн хүн гэмтсэн тухай Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Энэ сарын 8-нд Засгийн газрыг дэмжигч гишүүн Чан Жианпотыг дотоод асуудал эрхэлсэн хорооны даргаар томилсонтой холбогдуулан дээрхтэй төстэй сөргөлдөөн гарчээ. Хонконгийн Радио, телевизийн RTHK корпорацын мэдээлснээр, өнөөдөр буюу Даваа гарагийн /2020.05.18/ өглөө хорооны хуралдаан эхлэхээс 40 минутын өмнө Чан Жианпо гишүүн тэргүүлэгчийн сандал дээр сууж байсан бөгөөд аюулгүй байдлын ажилтнууд түүнийг хамгаалан тойроод зогсож байсан аж. Хуралдаан эхлэхэд ардчиллынхаа зурагт хуудас, лоозон барин эсэргүүцлээ илэрхийлэн хашхирч эхэлсэн бөгөөд удалгүй хамгаалалтын албаныхантай зодолдож эхэлжээ. 10 минутын дараа хуралдааныг зогсоохоос аргагүйд хүрсэн байна. Ардчиллыг дэмжигч гишүүд танхимаас хөөгдөхөөс гадна бэртэл авсан нэг хүнийг аюулгүй албаныхан дамнуурга дээр өргөөд гарсан тухай South China Morning Post сонин мэдээлжээ. Дотоод асуудал эрхэлсэн хороо нь хуулийн төслүүдийг парламентад хэлэлцүүлэхээс өмнө судалж, эцсийн санал хураалтад хэзээ оруулахыг шийддэг бөгөөд сүүлийн гурван долоо Бээжинг дэмжигчид болон сөрөг хүчний хоорондын мөргөлдөөний төв болоод байгаа аж.