Нэр дэвшигчдээ тодруулах МАХН-ын бага хурал үргэлжилж байна. Хуралдааны завсарлагын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг энэ жилийн сонгуульд нэр дэвших хууль зүйн үндэслэлтэй хэмээн онцоллоо.
"Энхбаяр дарга сонгуульд нэр дэвшинэ. Түүнийг нэр дэвшүүлэх хууль эрх зүйн орчин 2017 онд бүрдсэн юм. Мөн сая батлагдсан Сонгуулийн хуульд албан тушаалын хэргийн заалт оруулж өгсөн. Гэхдээ Н.Энхбаяр дарга албан тушаалын хэргийн заалтаар Дээд шүүхээс ял сонсоогүй. 2012 онд өөр заалтаар ял сонссон. Сая эрх баригчид Сонгуулийн хууль батлахдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар заалт оруулсныг бид дэмжихгүй байгаа. Хүчин, хулгай, залилан хийсэн, хүн алсан хүмүүс УИХ-д нэр дэвшиж болдог. Тодорхой ганц хоёрхон хэргийг сугалж оруулж ирж, хуульд оруулж байгаа нь нэг хүнд чиглэсэн л асуудал боллоо. Ер нь Н.Энхбаяр дарга албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсоогүй болохоор нэр дэвших эрхтэй" гэлээ.