Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд Ж.Энхбаяр гишүүн өрсөлдөхгүй. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа 100 хувь биелүүлсэн учраас энэ удаагийн сонгуулийг өнжинө хэмээн онцоллоо.
"Би УИХ-ын гишүүний суудалд 12 жил суулаа. Тавьсан зорилтынхоо ард ч гарлаа. Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, төрийн цэргийн номлол, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хууль эрх зүйн орчныг иж бүрнээр нь шинэчлэх зорилт тавьж УИХ-д орж ирсэн. Энэ зорилтоо 100 хувь биелүүлсэн. Тийм учир энэ удаагийн сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн. Ер нь улс төрийн зорилго минь биелсэн. Одоо намынхаа ялалтын төлөө ажиллана.
МАН-аас олон түмний итгэл даасан сайн нэр дэвшигчид гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.