АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Fox Business сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Хятад улсыг коронавирусийн цар тахалд дахин буруутгаж, Вашингтон Бээжинтэй харилцаагаа бүр мөсөн тасалж ч болно гэж мэдэгджээ. Сэтгүүлч түүнээс хятад оюутнуудад виз олгохоо болихыг санал болгосон сенатчийн үгийг юу гэж бодож байгаа талаар асуухад “Бид олон зүйлийг хийж чадна. Бид харилцаа холбоогоо бүрэн тасалж ч чадна. <...> Хэрэв та ингэсэн бол юу болох байсан бэ? Хэрэв та харилцаагаа бүрэн таславал 500 тэрбум доллар хэмнэх болно" гэж хариулсан байна. Энэ нь АНУ-ын Хятадаас жил бүр авдаг импортын барааны хэмжээ аж. Мөн Цагаан ордны тэргүүн “Би Ши Жиньпин даргатай маш сайн харилцаатай байдаг. Гэхдээ яг одоо би түүнтэй ярьмааргүй байна” гэжээ. Тэрбээр өмнө нь өөрийн Твиттертээ “Хятад улс миний урмыг маш ихээр хугаллаа. Худалдааны гэрээг үзэглээд бэх нь хатаагүй байхад тахал дэгдлээ. Тэд цар тахал дэгдээхгүй байх боломжтой байсан. Гэм зэмгүй олон хүн амиа алдлаа. Хятадтай харилцахад их үнэтэй байна” хэмээн бичсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах намын гишүүн сенатч Линдсей Грэм “коронавирусийн халдварын тархалтын хариуцлагыг Хятад улстай тооцож, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах” тухай хуулийн төслийг Сенатын танхимд өргөн барьсан юм. Хуулийн төслийг найман гишүүн дэмжсэн байна. Өнөөдрийн байдлаар АНУ Covid-19 халдварын 1,4 сая тохиолдол бүртгэгдэж, 84 мянган хүн нас бараад байна.