Covid-19-ийг судалж байгаа байгууллагууд цахим халдлагад өртөж байгаа явдлын ард Хятад улс байна гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Дэд бүтэц, цахим аюулгүй байдлын агентлаг мэдэгджээ. Хамтарсан мэдэгдлийг Холбооны мөрдөх товчооны вэбсайт дээр өчигдөр нийтэлсэн байна. “ХМТ коронавирусийн эмчилгээ, оношилгоо, ялангуяа түүний эсрэг вакцины талаар судалж байгаа шинжлэх ухааны байгууллагуудын мэдээллийг хулгайлахыг завдсан БНХАУ-тай холбоотой зарим этгээдийн хэргийг мөрдөн шалгаж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Хятад улс эдгээр салбарыг онилж буй нь “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй манай улсын хариу арга хэмжээнүүдэд ноцтой аюул учруулж байна гэж дээрх байгууллагууд мэдээлсэн боловч уг мэдээллээ нотлох ямар нэгэн жишээ дурдаагүй байна. Хятад улс Америкийн компаниудын оюуны өмчийн эрхийг зөрчиж байгаа талаар Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа удаа дараа мэдэгдэж байснаас гадна тус улс вирусний гарал үүслийг нуун дарагдуулж, халдварт өвчинтэй тэмцэх, судлах чиглэлд хамтран ажиллахгүй байна хэмээн буруутгаж байгаа аж “Америкийн мэргэжилтнүүд коронавирусын эсрэг вакциныг энэ оны эцэс гэхэд бий болгоно гэж найдаж байна” хэмээн Трамп өнгөрсөн 4-р сар хэлсэн юм.