Говьсүмбэр аймагт өчигдөр 10.00 цагаас шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч В.Гэрэлчимэг “Манай аймагт 10.00-12.00 цагийн хооронд салхи хүчтэй салхилж, шороогоор шуурлаа. Ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдан, тэнгэр харанхуйлсан. Салхи секундэд 16-18 м хүрвэл хүчтэй, түүнээс дээш бол аюулт, харин 24 м-ээс дээш бол гамшигт үзэгдэл гэж тооцдог. Манай аймагт салхи секундэд 18 м хүрч салхилж, цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Одоогийн байдлаар салхины хүч суларсан ч шороон шуургатай байна” гэв. Хүчтэй салхины улмаас иргэд, албан байгууллагад хохирол учраагүй ч ахуйн гал гарах эрсдэл өндөр болдог аж. Тиймээс гал түймрээс сэргийлэхийг иргэдэд анхааруулсан байна.
Энэ өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 м хүрч ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн: Ч.Туяа