Залуус голдуу хэдэн зуун жагсагч ням гарагт Хонконгийн янз бүрийн дүүрэгт байрлах худалдааны томоохон төвүүдэд цугларчээ. Цагдаа нар жагсагчдад зай барих, наймаас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон журмыг зөрчиж буйг сануулан тарахыг шаардсан байна. Монкок дүүрэгт жагсагчид зам дээр хог хаягдал тараан, шатаахыг оролджээ. Хонконгт цар тахлын улмаас авсан хорионы дэг сулрахтай зэрэгцэн эсэргүүцлийн хөдөлгөөн эргээд идэвхжиж эхэлжээ. “Хятадын Засгийн газар “Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулахыг зорьж байгаа” хүчнийг дахин идэвхжихийг зөвшөөрөхгүй бөгөөд “гараа хумхин суухгүй” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн газраас гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.