АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Ялалтын 75 жилийн ойн баярын мэндчилгээний үгэндээ АНУ болон Их Британи улс л Дэлхийн II дайнд фашизмыг ялсан гэж онцолжээ. Ингэхдээ тэрбээр ЗХУ болон Гитлерийн эсрэг дайтсан эвслийн бусад орны талаар нэг үг ч дурдаагүй байна. "Европт Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 75 жил өнгөрчээ. Өнөөдөр бид Европтой урьд урьдынхаасаа илүү бат харилцаатай байна. 1945 оны 5-р сарын 8-нд АНУ болон Их Британи нацистуудын эсрэг дайнд ялсан. Энэ өдрийг тэмдэглэхдээ бид тэр агуу үеийг үргэлж санах болно. Америкийн сүнс сүлд үргэлж ялах болно. Дандаа ялж байсан" гэж тэрбээр ярьжээ. Түүний эл хэлсэн үг Цагаан ордны албан ёсны сайтад нийтлэгдсэн бөгөөд хэдэн арван мянган эсэргүүцсэн дургүйцсэн коментыг дагуулсан байна. “Худлаа: фашист Германыг АНУ биш, Их Британи биш Оросын Улаан арми ялсан”, “Фашизмыг ялсан гол хүч нь Зөвлөлтүүд байсан, эл дайнд тэд 26 сая иргэнээ алдсан”, “Дэлхий II дайнд ЗХУ ялаагүй бол өнөөдрийн АНУ-ын болон Их Британийн тэргүүн нар германаар ярьж байж магадгүй байсан” гэсэн олон коментуудыг зөвхөн Оросын төдийгүй Швед, Бельги, Австрали, Хятад, Латин Америкийн орны хэрэглэгчид Цагаан ордны албан ёсны сайтад үлдээжээ. Тэдгээр комментууд бараг бүгд Рейхстагын орой дээр Зөвлөлтийн армийн хоёр дайчин Улаан тугийг мандуулж байгаа алдартай зургийг хавсаргасан байна. “Фашизмыг бут цохисон үр дүн, үүнд ОХУ-ын улсын шийдвэрлэх үүргийг гуйвуулах оролдлогыг Вашингтон байнга хийж болсонд” ОХУ-ын Гадаад хэргийн яам дургүйцлээ илэрхийлжээ. “Бид [...]Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн Гитлерын Германыг зөвхөн АНУ, Их Британи улс ялсан тухай тайлбарыг тоохгүй өнгөрөөж чадахгүй. АНУ-ын албаны хүмүүс Улаан Арми, Зөвлөлт ард түмний хүн төрөлхтний төлөө хийсэн маргашгүй их үүрэг, хэмжээлшгүй хохирлыг хүндэтгэн дурдах зориг, хүсэл олдсонгүй” гэж тус яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ тухай АНУ-ын холбогдох хүмүүстэй нухацтай ярилцана гэдгээ амласан байна.