УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие дааж нэр дэвшихээр болж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа билээ.
Монголын тагнуулын байгууллагад олон жил офицер хийж, дараа нь УИХ-д хоёр ч удаа сонгогдсон хурандаа Н.Номтойбаяр энэ жилийн сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ. Тэрбээр тойргийнхоо дэмжигч сонгогчдоосоо гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлснээ өөрийн цахим хуудсандаа бичжээ.
"Эрч хүч илэрхийлсэн морин цагийн мэнд ээ! Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ.
Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа. Монгол төр болон эрхэм ээждээ хүндэтгэл үзүүлж монгол цэргийн хувцсаа өмслөө. Хүмүүн бид эхийнхээ ач тусын талаарх сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлэх үг, шүлэг, дуу, ном зохиол ихээр бичдэг. Тэгсэн хэдий ч бидний хэрэглээний эрхэм дээд тансаг үгс сэтгэл, дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хангалтгүй, дутаад байгаа мэт санагддаг" гэв.