Бээжин болон Вашингтон худалдааны гэрээний эхний үе шатны тохиролцоог хэрэгжүүлэх таатай уур амьсгалыг бүрдүүлэхээр тохиролцлоо гэж “Синтхуа” агентлаг өнөөдөр /2020.05.08/ мэдээлэв. Уулзалт утсаар явагдсан бөгөөд Хятадын талаас Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, АНУ-ын талаас Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер оролцжээ. Талууд макро эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаатай санал нэгдсэн байна. Үүнээс гадна худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэхийн тулд таатай уур амьсгалыг бүрдүүлж, хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлжээ.