ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой видео холбоогоор ярьсныг Оросын “Звезда” телевиз мэдээлэв. Сергей Шойгу Нямаагийн Энхболдыг Ялалтын 75 жилийн ойн баярт оролцохыг урихын сацуу Эх орны дайнд Монгол улс ЗХУ-д хамгийн түрүүнд тусалж, тэрхүү дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэжээ. “Монголын арл түмэн фронтод зориулж 500 мянган агт нийлүүлсэн. Энэ бол асар их тоо. Монголчуудын хандиваар 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулсан юм. Энэ бригад 1943 оны Курскийн тулалдаанд, 1945 Берлинд дайтаж байлаа” гэж ОХУ-ын Батлах хамгаалахын сайд онцолсон байна. Мөн Монгол улсын бэлэглэсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадриль фашистуудыг бут ниргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Сергей Шойгу дурджээ. Ярианыхаа төгсгөлд Оросын Батлан хамгаалахын сайд “Харамсалтай нь цар тахлын улмаас Улаан талбайд болох ёстой байсан Ялалтын баярын жагсаалыг бид хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Коронавирусний цар тахал дэгдэх аюул арилсны дараа буюу оны эцэс гэхэд 5 дугаар сарын 9-нд хийхээр төлөвлөж байсан арга хэмжээгээ бид явуулах болно. Аугаа ялалтын 75 жилийн ойн баярт танийг биечлэн оролцож, ялалтын баярын жагсаалд цэргийн бүрэлдэхүүнээ илгээнэ гэж бид найдаж байна” гэж мэдэгджээ.