Шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өчигдөр АТГ-т очиж яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцсан юм. Тэрбээр шүүхээс ирүүлсэн яллах дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ.
"Сүүлийн өдрүүдэд намайг УИХ-д бие дааж нэр дэвшихтэй холбогдуулан АТГ болон Нийслэлийн прокурорын газраас их дуудаж шалгах боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 13-нд намайг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэдэг үндэслэлээр УЕП Б.Жаргалсайхан миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Миний Төрийн ордонд хийсэн мэдээллийг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн. Тэд намайг албан тушаалхынхаа давуу эрхийг ашигласан гэж гүтгэсэн.
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу хамаагүй. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би эргээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч байна.
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр энэ удаагийн сонгуульд нэр дэвших 208 бие даагчийн нэрийг зарласан. Үүний дараа АТГ-аас дуудаад яллагдагчаар татах үндэслэлийг өөрчилсөн гэдгээ хэлсэн. Би ямар өөрчлөлт оруулсан гэдгийг нь тодруулж, дахин мэдээлсний дараа очно гэсэн. Гэтэл дахиад маргааш нь шууд яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс би шууд улс төрийн шийдвэр гаргаж байгааг нь хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Улмаар албадан ирүүлэхээр болсон. Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон учраас оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар нь ирээд намайг оруулсан. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлтээ танилцуулах байхад Чингэлтэйн шүүхийн коридорт танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би зураагүй. Процессын алдаатай зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн.
Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм бэ. АТГ, ЦЕГ улс төрийн томилгоогоор ажиллаж байна.
Камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ. Зургаан сар завсарлага авлаа. Хуулийг ингэж завхруулдаг юм бол би харин ч одоо тэмцэх ёстой. Би санхүүгийн хувьд би хэнээс ч хараат биш. Надад туршлага байна" гэлээ.