УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад 74.5 хувийн саналаар дэмжлээ.
Харин түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжив.
Санал хураалт болохын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчээс асуулт асуулаа.
Тэрбээр "Монголбанкны удирдлагад залуучуудыг томилж байгааг дэмжиж байна. Гэхдээ 30 настай хүүхэд гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй байна. Өмнө нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдохдоо мөн л 30 настай байсан. Та Монгол Улсыг Саарал жагсалтаас гаргах ажилд бодсон төлөвлөсөн зүйл байна уу" гэж асуув.
Хариуд нь Г.Дөлгөөн Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах, хар жагсаалтад орохгүй байхад бүх хүчээ дайчилж ажиллана гэдгээ амлалаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ДӨЛГӨӨН:
Боловсролын байдал:
-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Ажилласан байдал:
-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч
-2015-2016 онд Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан
-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал
-2018-2020 онд Төрийн Банкны Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан.