Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал муу байна, зүрх ёудасны хагалгаанд орсон, нас барсан байж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн хэвлэлээр тарсан юм. Хэдий Ким Жон Ун энэ сарын 2-нд олны өмнө эрүүл саруул байдалтай гарсан ч түүнийг удаан хугацаагаар сураггүй байсан талаарх таамаг явсан хэвээр. БНСУ-ын Тагнуулын газар энэ бүх таамаглалыг няцаажээ. “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд зүрхний мэс засалд орсон байх магадлалтай шинж ажиглагдаагүй. Тэрбээр өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн буюу 17 удаа олон нийтийн өмнө гарсан нь дотоод хэрэг, коронавирусний цар тахал гарч болзошгүй асуудалд голчлон анхаарсантай холбоотой” гэж тус байгууллагын мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжлав. БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн Бямба гарагт Ким Жөн Уныг бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон талаар мэдээлсэн бөгөөд түүний бусад төлөөлөгчтэй ярилцаж буй гэрэл зургуудыг нийтэлсэн юм.