Өнгөрсөн онд Хонконгт өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон гурван хүн баривчлагдан хоригдож байхдаа эрүү шүүлтээр орсон тухайгаа ярьсныг RTHK телевиз дамжуулав. Тэд эл мэдэгдлээ "Демосисто" намын үүсгэн байгуулагчдын нэг, засгийн газрын эсрэг тэмцэгч Жошуа Вонгийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дүрс бичлэг хэлбэрээр хийсэн байна. Тэдний ярьснаар шоронгийн хуягууд хяналтын камергүй газар аваачин бороохой, модон саваа, төмөр шугамаар зоддог байжээ. Нэг удаа хоригдлуудыг эсэргүүцлийн хөдөлгөөний сүлд дууг дууллаа гэж хацар дундуур нь алгадаж гарчээ. Хэсэг хугацааны дараа залхсан харуулууд хоригдлуудыг өөрөө өөрсдийнхөө хацрыг алгад гэж тушаасан байна. Мөн зодож жанчиж байхад нь “баярлалаа, эрхэм ээ” гэж хашхирахыг тушааж байжээ. Жошуа Вонг өмнө нь эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсоныхоо төлөө хоригдож байхдаа шоронд зүй бусаар харьцаж байгаа талаар гомдол гаргаж байсан аж. Тэрбээр дээрх гурван залуугийн ярьсан зөрчлийг хяналтын камерын бичлэггүйгээр нотлоход маш хэцүү тул харуулууд хоригдлуудтай харгис харьцсаныхаа төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ өөрсдөө сайн мэдэж байгаа гэж мэдэгджээ. Дээрх хүний эрхийн зөрчлийн талаар тэд НҮБ-д гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.