Монголд 15 овгийн 79 зүйлийн загас бийг судлаачид бүртгэснийг тэдний бүтээлд тодорхой тусгасан байдаг. Манай орны цэнгэг устай нуур, голуудад Монголыг дэлхийд таниулсан Сибирийн тул, спорт загасчлалын гол төлөөлөл болох зэвэг, хадран, цурхай, алгана сүрэглэн амьдардаг. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр загасны амьдрах, идээших, нүүдэллэх нутаг дэвсгэр хумигдах болсон. Ийм нөхцөлд монголчууд бид дэлхий нийтийн өмнө тул загасыг хамгаалах чухал үүрэг хүлээсэн билээ.
Голын “чоно” хэмээн нэрийддэг нэн ховор тул загасны тухай ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мэндсайхан цөөнгүй жил судалгаа хийсэн аж. Түүний судалгаанаас эш татан уншигчдадаа мэдээлэл хүргэе.
Хулдын овогт багтах тул загас нь Дунайн, Солонгос, Сычуаны, Сибирийн буюу ердийн гэх дөрвөн зүйл байдаг. Эл загасыг цэнгэг усны индикатор гэж нэрлэх нь ч бий. Уур амьсгалын өөрчлөлт, усны бохирдол, хууль бус агнуурын улмаас ховордож буй ч өдгөө Дунайн тулыг зохиомол аргаар үржүүлж байгаа аж. Харин Сычуаны тулын тоо толгой 80 хувь буурч, одоо 2000-2500 орчим үлдсэн гэнэ. Солонгосын тул тэнгист амьдардаг бөгөөд үржлийнхээ үед цэнгэг усанд ирж түрсээ шахдаг учир тоо толгойг нь тогтоох боломжгүй аж. Ердийн тул ихэвчлэн Европ, Азийн умард хэсгийн хатуу ширүүн уур амьсгалтай газрын цэнгэг устай нуур, голд амьдардаг. Эл дөрвөн зүйлийг өнгө, заламгай, өргөсний тоо, биеийн хэмжээгээр нь ялгах боломжтой. Ердийн тул загасны, заламгай өргөсний тоо нь бусдаасаа хамгийн бага нь гэнэ. Мөн хамгийн урт, хүнд жинтэй нь. Бусад зүйл тул нь 60-80 см урт, 50-60 кг жинтэй бол ердийн тул хоёр метр урт, 105 кг хүртэл жин дардаг аж.
Тулыг голын “чоно” хэмээн нэрийддэг талаар дээр дурдсан. Ингэх болсны учир нь тул бусад загасыг бодвол махчин гэдгээрээ онцлог. Чоно байгальд оршин буй муу амьтдыг барьж иддэг. Өөрөөр хэлбэл, байгалийг “цэвэрлэгч, хамгаалагч”. Үүнтэй адил тул ч цэнгэг усны цэвэрлэгч бөгөөд загасны тоо толгой хэт ихсэхээс сэргийлдэг юм байна. Жижиг загасны түрсийг түүж иддэг нэг төрлийн загас байдаг. Тул тэрхүү загасыг барьж идсэнээр түрс аюулгүй болж, тоо толгой нь өсдөг. Ер нь хэрэггүй бодгалийг түүж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Мөн голоор дамжин өнгөрөх харх, хулгана, жижиг шувууг ч барьж иддэг аж.
Дэлхийн хэмжээнд ердийн тул загасыг сайн судлаагүй байдаг. Харин манай ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, АНУ-ын эрдэмтэдтэй хамтарч 2002 оноос судалж эхэлжээ.
...ОХУ-д 2.1 метр урттай, 105 кг жинтэй тул бүртгэгдсэнээр өмнөх рекордыг эвдэж, дэлхийн хамгийн томд тооцогдсон. Харин манай оронд хамгийн том тул 1.8 метр урт, 40 кг жинтэй гэж бүртгэгдсэн байдаг аж...
Ингэхдээ тархцын хэмжээг 1985 оноос хойш 60 орчим, тоо толгойг 50 хувиар буурсан гэж дүгнэсэн байна. 2004-2006 онд дээрх хүрээлэн, “Монголын тул” төрийн бус байгууллагатай хамтран АНУ-ын судлаачид тулын шилжилт хөдөлгөөн, тоо толгойг тогтоохын тулд гэдсэнд нь дохиолол суулгаж, нурууны сэлүүрийнх нь дор уян тэмдэглэгээ хийж дугаарлажээ. Уг судалгааны дүнд Эг, Үүрийн сав газарт нэг километрт 17 бодгаль байгааг тогтоосон гэнэ. Мөн дээрх хүрээлэнгийнхэн Германы эрдэмтэд, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч тулын шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг Онон, Балжийн голд хийсний дүнд манай улс ердийн тул загасны цөм нутаг гэдгийг баталсан билээ. Үүний дараа тул хамгаалах багийнхан, Дэлхийн байгаль хамгаалах холбоонд санал хүргүүлж тулыг олон улсын хэмжээнд эмзэг ангилалд бүртгүүлжээ. Харин манай улсад 2006 онд “Монгол орны загасны улаан данс” номд устаж болзошгүй, Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Түүнчлэн 1997, 2013 оны Монголын “Улаан ном”-д багтаасан юм.
ОХУ-д 2.1 метр урттай, 105 кг жинтэй тул бүртгэснээр өмнөх рекордыг эвдэж, дэлхийн хамгийн томд тооцогдсон. Харин манай оронд хамгийн том тул 1.8 метр урт, 40 кг жинтэй гэж бүртгэгдсэн байдаг аж. Туул гол өмнө нь тултай байсан ч ус нь бохирдож, түвшин нь багассан учраас өдгөө зөвхөн эх хэсэгтээ л байх магадлалтай гэж судлаачид таамаглаж буй. Хамгийн сүүлд 2000 онд Тэрэлж орчимд бий гэж доктор Б.Мэндсайхан тэмдэглэжээ. Хойд мөсөн далайн ай савд багтдаг манай орны Эг, Үүр, Сэлэнгэ, Идэр, Чулуут, Номхон далайн ай савын Онон, Балжийн, Халх, Нөмрөгийн голд тул тархсан.
Энэ загас бор, саарал өнгөтэй, хэвлий хэсэг нь цагаан. Үржлийн үед эрэгчингийнх нь сүүл улаан болдог учир “улаан сүүлт” гэж нэрлэх нь ч бий.
Тулын өвөг 137 сая жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд таамагладаг. Монголчууд эртнээс тул загасыг муу ёрын зүйлээс сэргийлдэг лусын амьтан хэмээн хүнсэндээ хэрэглэдэггүй байжээ. Загасны насыг зүйлээс нь хамаарч хайрсаар нь, цээжний сэлүүрийн гуурсаар тодорхойлох зэрэг олон арга бий. Тул загасыг ОХУ-ын эрдэмтэд 55, Чехийн судлаачид 60 насалдаг гэж тогтоосон байна.
Хулдын овгийн өөр нэг төрөл нь зэвэг загас юм. Гэхдээ тул болон зэвгийн жараахайг энгийн хүн ялгадаггүй. Харин судлаачид эрүүний байрлалаар нь мэддэг гэнэ. Нас бие гүйцэхээрээ биеийн хэмжээ, өнгө зүсээрээ өөр болдог учир ялгахад илүү дөхөм болдог аж.
ТОЛГОЙ ДАХЬ ЦАГААН ТОЛБО НЬ ДАВТАГДДАГГҮЙ
Тулыг толгойн хэсэгт байрлах толбоор нь, эсвэл уян тэмдэглэгээ зүүх аргаар тоолдог юм байна. Загасанд “T-bar” буюу уян тэмдэглэгээ зүүснээр түүний шилжилт хөдөлгөөн, өсөлт, тухайн голын загасны тоо толгой, популяцын төлөв байдлыг тогтоодог аж.
Сонирхолтой нь, тулын толгой дахь цагаан толбо нь хүний алганы хээ шиг дахин давтагддаггүй гэнэ. Энэ толбоор ажиглах арга зүйг дижитал тэмдэглэгээ гэж нэрлэдэг. Загасанд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр нүүрний хэсэгт нь байрлах толбоны зургийг авч, хэзээ, хаанаас барьснаа тэмдэглэн мэдээлэл цуглуулдаг юм байна.
Тул өөртэйгөө ижил хэмжээтэй загастай хос болдог. Хавар түрсээ шахдаг бөгөөд энэ үед гүехэн усны хайргыг сэлүүрээрээ цэвэрлэж хоёр метр урт, 1-1.5 метр өргөн тогоо ухдаг гэнэ. Тогоон дотроо 50 см өргөн, 80 см урт үүр засдаг аж. Түрсээ шахсаны дараа эрэгчин нь үр төлөө хамгаалахын тулд үүрээ 7-14 хоног манаж үлддэг онцлогтой. Тулын зулзагыг тулбага гэдэг.
Биеийнхээ хэмжээнээс шалтгаалж 8.5-30 мянган түрс гаргадаг аж. Жишээ нь, 5-6 настай тул 60 см орчим урттай байдаг. Энэ тул 8.5 мянга орчим түрс шахдаг. Нэг метр хүртлээ жилд 8-10 см өсдөг. Үүнээс хойш өсөлт нь удааширч, жин нь нэмэгддэг гэнэ. Цаашлаад 1.3 метр урттай болбол 30 мянган түрс шахна гэсэн үг. Энэ дундаас ердөө ганцхан түрс бие гүйцэж, амьдардаг хэмээн судлаачид тогтоожээ. Мөн эл загас 2-3 жилд нэг удаа түрсээ шахдаг нь тоо толгой нь өсөхгүй байх шалтгааны нэг аж. Махчин загас хэт олон болбол тэнцвэрт байдал алдагдах аюултай тул байгаль эх албаар ингэж зохицуулсан ч байж мэднэ гэж судлаачид үзэх юм билээ.
БОАЖЯ-наас жилд 500 тул барьж, буцаагаад тавих зөвшөөрлийг аймгуудын Байгаль орчны газарт хувааж өгдөг. Аймгийн Байгаль орчны газар түүнийг тул загастай сумдад хуваарилна. Харин аялал жуулчлалын компаниуд тухайн сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ хийж, үнэлгээний дагуу нэг тулыг 150 ам.доллароор тооцож төсөвт мөнгө төлдөг. Төсөвт төвлөрсөн мөнгийг сумын ЗДТГ-ынхан тул загас хамгаалах ажилд зарцуулахаар хуульчилжээ.
Хэнтий аймгийн Онон голд байх зүйлийг хамгаалахын тулд зургаан сумд загасчдын клуб байгуулж, аялал жуулчлалын компаниудтай хамтарч хяналт тавьж буй. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар санхүүжүүлж, клубийн гишүүдийг сургалтад суулгах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Сүүлийн үед манай улсад спорт загасчлал хөгжиж, залуучуудын хандлага эерэг болсноор тулын тоо толгой өсөхөд хувь нэмэр оруулж буйг судлаач онцлов. Мөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа ч багагүй хувь нэмэр оруулдаг аж. Жишээлбэл, “Монголын тул” ТББ сүүлийн 20 жилийн турш нутгийн иргэдтэй хамтарч уг загасныг хамгаалах ажил хийсэн байна.
1992 онд зах зээлийн тогтолцоонд шилжихэд хүмүүс байгаль руугаа дайрч амьтдыг олноор нь агнасан. Энэ үед “Хөвсгөл трэйвел” ХХК загасчлахыг спорт болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татах хөтөлбөр эхлүүлж байжээ. Тодруулбал, тул загас болон байгалиа хамгаалах ажил зохион байгуулсан аж. Ингээд тус компани гол дагуу 10 км тутмыг нэг нэг хүнээр хянуулж, нийт 20 гаруй иргэнийг цалинжуулж, тул хамгаалах болсон гэнэ. 2000 онд Америкийн жуулчид эл санааг нь дэмжиж, зөвлөгөө өгсний дагуу “Монголын тул” ТББ-аа байгуулсан гэнэ. Ер нь ашиг хонжоо харалгүй, сэтгэлээсээ хийж буй ажил цаанаасаа саадгүй бүтэж, хөгждөг хэмээн тус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Пүрэвдорж хэллээ.
Сумдын Засаг дарга нартай хамтарч нутгийн иргэдийг тул хамгаалах ажилд татан оролцуулж, тэдэнд “Идэвхтэн байгаль хамгаалагч” үнэмлэх өгөөд, “Та нутгаа хамгаалж, дур зоргоороо ирсэн гадаадын хүмүүсээс зөвшөөрөл шаардаарай. Мөн хууль бус агнуурыг мэдээлж, шинэ тул тааралдвал тэмдэглэх ёстой” гэж үүргийг нь сануулсан аж. Улмаар тэднийг цалинжуулж, утас, мотоцикл, камер зэрэг техникээр хангаж, тул хамгаалах ажлыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Тариалан, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутгаар дамжин урсдаг Эг, Үүрийн голын сав газарт тогтмол хэрэгжүүлж иржээ. Тул хамгаалах ажилд төр, орон нутаг, хувийн хэвшил зэрэг гурван тал оролцож буй учир бусад орноос илүү үр дүнтэй байгааг Б.Мэндсайхан онцоллоо.
Бэлтгэсэн: О.Алуунгуа